Манай сайтын "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг эерэг болон сөрөг байдлаар татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлохоор Гэмт хэрэгт холбогдоод буй Цагдаагийн дөрвөн албан хаагчийг нэрлэж байна.
Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын нэг дэслэгч, гурван ахлагч бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдсон билээ. Одоогоор энэ хэрэгт холбогдсон алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, охиныг хамгаалалтад аваад байгаа талаар албаны хүмүүс мэдээлсэн. Тухайлбал, энэ талаар Цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "Насанд хүрээгүй хүнтэй алба хаагчид бэлгийн харилцаанд орсон байж болзошгүй гэх мэдээллийг бид өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлсэн. Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албанаас чөлөөлж, албан үүргийг түр хугацаанд түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хэрэв алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага өмөөрөх ёс зүй байхгүй" гэсэн юм. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр хэргээ хүлээсэн хоёр хүний нэгийг баривчилсан аж. Хэрэг үйлдэгчийн тухайд цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 23-34 насны дөрвөн алба хаагч буй. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан, ял эдэлж байгаагүй гэх мэдээлэл бий.
Уг хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаагийн байгууллагын нэр хүндэд ноцтой хохирол учруулж, жигшүүрт хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагчдад хариуцлага тооцохыг үүрэг болгосон юм. Уг хэргийн ард дан ганц цагдаагийн байгууллагын нэр хүнд бус хүний эрх, хүүхдийн төлөө Монгол Улсын Засгийн газар хэрхэн ажиллаж байна вэ гэх асуулт үлдэж буй. Ийнхүү уг хэргийг шалгахаар ЦЕГ-ын дарга Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж байгаа юм.