Бүгд Найрамдах Солонгос Улсын Нүдний шилний нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд Монгол цэргийн нэгдсэн холбооны урилгаар 2019, 2022, 2023 онуудад Монгол Улсад хүрэлцэн ирж, Улаанбаатар хот, Завхан, Орхон, Хөвсгөл аймгууд дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд, ахмад дайчдад нүдний харааны үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж, нүдний шил тааруулж өгөх сайн дурын хүмүүнлэгийн ажиллагааг зохион байгуулсан юм.
Уг ажлын хүрээнд үзлэгт хамрагдсан иргэдэд харааны болон нарны хэт ягаан туяанаас хамгаалах шилийг үнэ төлбөргүй хүлээлгэн өгдөг билээ. Өнгөрсөн гурван удаагийн арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 6000 гаруй ажилтан алба хаагч, ахмадууд тэдний гэр бүлийн гишүүд хамрагдсан юм.
“Тунгалаг мэлмий–2024” ээлжит хүмүүнлэгийн ажиллагаа 4 дүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд Монгол цэргийн нэгдсэн холбооны байранд зохион байгуулагдаж, Солонгосын сайн дурын ажилтнууд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 300 гаруй алба хаагч, ахмадуудыг хүлээн авч үйлчиллээ. Уг арга хэмжээ 4 дүгээр сарын 5-наас Архангай аймагт үргэлжлэн явагдах юм.