Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Урин цагийн босго алхан утаанаас зугуухан ангижирч, ужиг тоосонцоруудтай дайн зарлахаас наагуур явна. Хөө тортог нь хайлж буй цастай хамт урсаж, шингэсэн газартаа толбо болон үлдэж байна.
Эвдэрч, хагарсан, энхэл донхол замын чулууг жил болгон хуулж, дахин энхэл донхол, стандартын бус өрлөг хийдэг байдал бол ёс мэт тогтсон зүйл болжээ. Иргэдэд улирал солигдох нь тайтгарал, бусад нь стресс, уур бухимдал л болж байна. Бороо орсон ч бухимдана. Цас орсон ч бухимдана. Хамаг бүхэн хайлж урссан ч бухимдана.
Нялх бүхэн урган төлждөг хаврын саруудад Улаанбаатарынхны нялх уушги л төлжиж амжихгүй юм. Тоос залгина, тоосонд залгиулна. Ийнхүү яван явсаар ханиаданд дарлуулна. Булан тохойд хунгарлаж, дагтаршсан цасыг ажаарай, хав хар л буй. Бид ийм л "бохир" дунд амьдардаг. Амьдралын төлөө тэмцдэг.
Гэтэл төрийн гэлтгүй зарим хүмүүсийн нэртэй олон алдаа амьдралын наснаас алгуурхан хороож байгааг ч сэхээрэх завгүй олны урсгалд алдууран одох бид. Чухамдаа зүг болгонд стандартын бус. Бараг л булан тохой нь хүртэл стандартгүй. Өмхийдөө дасаж, эс өөрчлөхүйд ч цугаар дасацгаажээ.
Үүний сацуу аливааг гагц дээрээс "нэхэх" бус бид өөр өөрсдөө "соёлт иргэн" байх хариуцлагаа ухамсарлах шаардлагатай болсныг хаа сайгүй нисэлдэх шүлс хүртэл гэрчилж байна.
Замын тоосыг дарах, замын цоорхойг бөглөх, явган хүний замыг тэгшлэх, дахин шинэ зам бий болгох, дугуйн замыг олшруулах, явган хүний замыг өргөсгөх гээд түмэн ажил байхад өнгөрсөн завхралаа ярьж, өнгөрсөндөө л оршиж, өнгөрсөнтэйгөө л тэмцэж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг сэхээрэхийг хүлээхэд нас үл хүрэлцэх бололтой.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)