Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийн түлш тээвэрлэж явсан машин дэлбэрсэнтэй холбогдуулан Дашваанжил" компанид хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр хийсэн шалгалтын дүнг ХНХЯ-ны салбарын хяналтын газрын дарга Б.Нарангарав танилцууллаа.
Тэрбээр ""Дашваанжил ХХК-д сүүлийн таван жилийн хугацаанд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийгдээгүй гэсэн мэдээллийг өгсөн. Тус компани нийт 518 ажилтан, 63 салбар нэгжтэй. Улаанбаатар хот болон 21 аймаг, 30 суманд ОХУ-аас шингэрүүлсэн хийн түлшийг импортолж, хүргэдэг.
Шалгалтаар хууль тогтоомж, хамтын гэрээ хэлэлцээрт нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журмаа боловсруулаагүй, цалин хөлсний журам баталж, мөрдүүлээгүй, хөдөлмөрийн норм, норматив баталж, мөрдүүлээгүй зэрэг зөрчил илэрсэн. 518 ажилтай томоохон компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтангүй байна. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийгээгүй зөрчил илэрлээ. Аюултай нөхцөлд ажиллах анхааруулга, дохио тэмдэг, санамж, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй байна.
Хуульд заасны дагуу эрсдэлтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг 36 сар ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний төгрөгөөр даатгуулах ёстой боловч энэ даатгалыг хийлгээгүй байна. Компанид дотоод хяналт шалгалтыг зохион байгуулдаггүй гэсэн дүгнэлтийг ирүүлсэн байна.
Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгээгүй, ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй зэрэг зөрчил илэрсэн. Иймд шалгалт хийсэн улсын байцаагч нар тус компанид торгууль, нөхөн төлбөр ноогдуулж, хяналт тавин ажиллаж байна" гэв.