Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар ХасБанк хамтран “Жижиг, дунд бизнесүүдэд ISO стандарт нэвтрүүлэх хөтөлбөр”-ийг зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г. Цэвэгжав нар өнөөдөр буюу 2024.03.25-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Олон Улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас гаргасан стандарт, баримт бичгийн талаар мэдээлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийг нэвтрүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.
Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Энэхүү санамж бичигт ХасБанкнаас стандартыг сурталчлах, олон нийтэд тайлбарлан таниулахад дэмжлэг үзүүлж ажиллана. Ийнхүү ISO нэвтрүүлснээр тухайн байгууллага бүтэц тогтолцоо, хүний нөөцийн хувьд чадавхжихаас гадна бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дээшилж, үр өгөөжтэй ажиллах боломжтой” гэлээ.
Харин ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав “ISO нэвтрүүлэх хөтөлбөрийн хүрээнд бид жижиг дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэх гол зорилготой. Өөрөөр хэлбэл ААН-д өөрсдийнхөө дотоод стандартыг нэмж, зөвхөн Монголдоо гэлтгүй гадаад улсад бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжийг бий болгох хөтөлбөр гэж бидний зүгээс харж байна” гэв.
Хөтөлбөрийн хүрээнд чанар, аюулгүй байдал, удирдлагын тогтолцооны 8 төрлийн стандартыг хэрэгжүүлэхээр зорьж буй жижиг, дунд бизнес эрхлэгчдийн дунд нээлттэй шалгаруулалт зарлаж, нийт 15 аж ахуйн нэгжийг шалгаруулах юм. Хөтөлбөрт:
- ISO 9001: Чанарын удирдлагын тогтолцоо
- ISO 14001: Байгаль орчны менежментийн тогтолцоо
- ISO 22000: Хүнсний аюулгүй байдлын стандартын тогтолцоо
- ISO 45001: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
- ISO 50001: Эрчим хүчний менежментийн тогтолцоо
- ISO 19011: Менежментийн тогтолцооны аудит
- HACCP: Хүнсний аюулгүй байдлын стандарт
- SMICC 1:2023: Халал хүнсний стандартууд багтаж байна.