Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Сэтгэцийн эрүүл мэндийн төвд байнга хэвтэн эмчлүүлж үйлчлүүлдэг 232 хүний 181-ийнх нь нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр тэтгэмжийн мөнгийг ар гэрийнхэн нь авч хэрэглэдэг. 53 эмчлүүлэгчийн нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжид СЭМҮТ-ийн нийгмийн ажилтан хяналт тавьж ажилладаг. Уг 53 иргэн өөрсдийн банкны карттай, түүнээс нийгмийн ажилтан захиран зарцуулалт хийж бүртгэн ажилладаг.
2003 онд Мааньт дахь сэтгэцийн эрүүл мэндийн төв татан буугдаж, 300 орчим иргэн СЭМҮТ-д ирсэн. Эдгээр хүмүүсийн 7 нь хаана төрсөн, хэн эсэх нь тодорхойгүй, асран хамгаалагчгүй өдий хүртэл СЭМҮТ-ийн харьяанд асрагдан эмчлүүлж, аж төрж байна.
СЭМҮТ-ийн эмч мэргэжилтэн ажилтнуудын эрх зөрчигдөж байж болзошгүй, удирдлагын багийн үйл ажиллагаанд хяналт тавих зөвлөмж өгсөн.
Хянаж шалгах баг нь 11 гишүүний бүрэлдэхүүнтэй. Дараах 6 асуудлыг хянаж шүүсэн:
- Албан тушаалтны тодорхойлолтод шаардлагыг хангаж байгаа эсэх
- Эмнэлгийн тоног төхөөрөмж стандартад нийцэж байгаа эсэх
- Хүний нөөцийн шилжих хөдөлгөөн, томилгоо, сонгох шалгаруулалтын үйл ажиллагаа
- Төрийн албан хаагчын ёс зүйн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн хэрэгжилт
- Хүний эрх, үйлчлүүлэгчийн тухай хуулийн хэрэгжилт
- Байгууллагын төсөв санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьсан.
Хяналтын баг ажилчдаас сэтгэл ханамжийн 10 асуумжтай судалгаа авсан. Судалгааны үр дүнд сэтгэл ханамжийн байдал дундаас доош буюу сэтгэл ханамж хангалтгүй гэсэн хариу гарсан. Үүнийг хурлаар авч хэлэлцэнэ" гэв.
Б.Туяамарал