Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийж байгаа. Автобусны тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлээд буй. Тэгвэл энэ сарын 20-ноос буюу ирэх Бямба гаригаас нийтийн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчлэх аж.
Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй чиглэлд 1017 автобус явж байна. Дахин төлөвлөлтөөр тус чиглэлүүдэд өөрчлөлт орж, уртын болон тойрог, богино, хот орчмын гэсэн үндсэн чиглэлүүдэд нийт автобусыг хувааж гаргахаар төлөвлөжээ. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийхдээ энэ талаар танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгах зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатайг онцолсон юм.
Сэтгэгдэл (1)