Энэ амралтын өдрөөр ааруул тойрсон маргаан, мэтгэлцээн цахим орчинд эрчийг авав. Муу нэртэй, луу данстай гэгчийн үлгэрээр малчид цагаан идээнийхээ үнийг 68-70 мянган төгрөг болтол нэмсэн хэрэгт унав. Зарим нь төр засгаар тэтгүүлсэн хэмээн тэднийг "адалж", зарим нь тэдний хөдөлмөр хэмээн "өмгөөлөв".
Зах худалдааны төвд зарагдаж буй цагаан идээг тэр болгон аваад байх боломжгүй. Харин цагаан сарын үеэр ааруул авдаггүй хүн төдий л үгүй. Гэхдээ сүүлийн үед айл өрхүүд ул боов гэхээсээ ааруулаар тавгаа засахыг илүүд үздэг болсон гэвэл тийм ч дэгс бус.
Харин "ааруул 68 мянган төгрөг гэнэ ээ, ааруул шүү дээ" гэж уулга алдах нь нэн тохуутай. Ааруул чухам юунд үнэ хүрч болохгүй билээ. Энэ түйвээний хажуугаар Архангайн ааруул 32-35 мянган төгрөгөөр, Булган аймгийн цагаан идээг ч түүнээс ялгаагүй үнээр зарж байгаа гэсэн иргэд (малчин) байlgg. Мах, цагаан идээ малчны гэрээс өөр хүний гарт очсон л бол үнэ хэд хүрэх нь эзэн бээрийн таалал.
Үнэндээ зарим нь малчин атлаа сүү цагаан идээгээ бэлтгэж чадаагүй, цагаан сарын ааруулаа ч хэвлээгүй л байгаа. Байгалийн араншингийн өмнө хүн гэдэг мөхөс л шүү дээ.
Өдөр болгон бид их хотын амьдралд хутгалдаж, ажилдаа явж, сарын цалингаа хүлээж байгаа шиг хийж буй зүйлийнхээ үр шимийг хүртэх нь бас л хүн ёсны хэрэг билээ.
Малынхаа "мал" болж буй малчин гээд л шуугих хэсэг ч бий. Гэвч эцсийн дүндээ мал биш малчин шийдвэрээ гаргаж, малчин биш байгаль өрсөөд шийдчих нь ч бий. Өчнөөн сая малтай хэр нь өлсгөлөн байна, мах үнэтэй байна гэх. Нэг талд эх орондоо таван литр шатахууны мөнгөөр хоногийн хоолоо авч буйдаа цухалдаж, нөгөө талд гурван литр шатахуун авахын тулд төлөг зүсэлж өгөх нь холгүй л байна даа.
М.Дэвээ
Сэтгэгдэл (5)