Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Энэ хотод "явган" хүн явах газаргүй болох нь. Өвөл нь нисчих гээд, зун нь тээглэж унах гээд зам гэж түмэн сорилт. Үүний хажуугаар гэрлэн дохиогоор л зам хөндлөн гарах гашуун тавилан заяасан байна.
Замын тэмдэглэгээгээ мэддэггүй юм уу, дээрэнгүй зан нь хөдөлдөг юм уу? Зарим нэг нь гарц хараад улам хурдаа нэмэхийг яана.
Та бүхэн мартаагүй бол, гэгээн цагаан өдөр хурд хэтрүүлсэн жолооч гарцаар гарч байсан хоёр хүүхдийг дайран нэгийнх нь амь насанд хүрснийг санаж байгаа биз ээ.
Ер жолоочид замын тэмдэглэгээгээ харж, хурдаа сааруулж сурах хэрэгтэй сэн. Бас болоогүй, "замаа хараач, хурдан яваач" гэж зандрах нэгэн таарах вий. Тэгвэл явган иргэн хаагуур стресстэхгүйгээр зам хөндлөн гарч болох вэ?
Гарц болгоны орчим хурд сааруулагч байдаггүйг эрх биш хотын иргэд мэдэх. Машинтай иргэдэд зориулсан зохицуулалтыг хийх гэж үсээ бууралттал "бодлого бодох" атлаа явган иргэний замд таарах ганц дөрвөлжин "нүх"-ийг бөглөөд өгөх, хурд сааруулагч тавиад өгөх сэтгэл үгүй дарга нартай даа.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)