Өдгөө "чөдрийн морь дөхүүлж тусд орсон" хэмээх яриа "түлхүүр дөхүүлж тусд орсон" гэх үгээр алгуур солигдож байна. Монголын тал нутагт нүүдлийн соёл ч хувьсан өөрчлөгдөж, оршин буй дэлхийнхээ шинэчлэлийн өнгийг ачаалах болов.
Үүнд малчдыг соёлоо тээж, морио унаад шогшсонгүй гэж буруутгах хүн үгүй биз. Харилцаа холбоо, техник технологи хөгжсөн эрин үеийн салхийг тэд ч бас мэдрэх эрхтэй.
Цаг улирлын хатуу ширүүн, урин дулаан, усан бороо, цасан боронгон дундуур тэд бэлчээрийн мал аж ахуйгаа осолдуулахгүйхэн шиг авч явна. Гэвч өнөөдөр манай улсад ад үзэгдэж буй нь ч малчид болж хувирав. Мах, сүү цагаан идээ үнэтэй л гэнэ. Гэтэл зарим малчдад чөдрийн морь, хэдэн малаа зарж авсан мотоцикл эсвэл машин л байгаа шүү дээ. Нийгмийн дундаж давхаргаасаа гулсахгүй арайхийн тэсэж байгаа малчин өрх ч баяны тоонд ордог болсон цаг.
Харин чөдрийн ганц морио арилжиж авсан дугуйт нь бэлчээрийн доройтолд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Үүнийг хашир малчид андахгүй. Малынхаа араас бас учиргүй төмөр тэргээр зүтгүүлээд байхгүй. Энэ бол малч ухааны өчүүхэн нэг хэсэг. Гэтэл юу, юугүй аж төрлөөсөө ангижирч яваа хүмүүс мэтээр малчдын амьдралын хэв маягийн хувьслыг харах болов. Атал тэдэнд хурдацтай, далайцтай хөгжлийг шингээх уужим сэтгэл, холын бодол бий.
Нүүдлийн соёл улмаа хумигдаж буйг нүдтэй бүгд харж байгаа. Монголын сүүлчийн нүүдэлчид гэрээ хурааж, байшин барихад л энэ бүхэн "дурсамж" болж үлдэхвий.
Бэлчээрийнхээ зүг төмөр тэргээр сүнгэнэн хүрэх нэгэн байхад уналгын морио эмээллээд тээр тэнд буй бараан уулыг чиглэн хатируулах нэгэн ч буй.
М.Жаргал