Эхний хоёр сарын үзүүлэлтээр мөнгөний нийлүүлэлт буурч, зээл олголтын хурд саарлаа хэмээн статистикчид онцолж байна.
Тодруулбал “M2" буюу мөнгөний нийлүүлэлт хоёрдугаар сарын эцсээр 10.3 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувиар өссөн ч, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. Улмаар валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой төгрөгийн хадгаламж өмнөх сараас буурсан байна. Учир нь иргэд болон байгууллагууд хөрөнгөө валютаар хадгалах сонирхолтой болжээ. Тухайлбал өнгөрсөн сарын статистик үзүүлэлтээр нийт мөнгөний 73 хувийг хадгаламж бүрдүүлсэн бол төгрөг болон валютын харилцах 22.3 орчим хувийг эзэлжээ. Харин хадгаламжийн байгууллагуудаас гадуурх мөнгө 450.9 тэрбум төгрөгөөр хэмжигдэж буй аж. Түүнчлэн зээлийн өрийн үлдэгдэл 12.2 орчим их наяд төгрөг болж, өмнөх сараас үл ялиг өссөн үзүүлэлтэй гарлаа. Хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хэмжээ 3.3 хувь болж, өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин, өмнөх сараас 0.7 хувиар өсчээ. Тэгвэл банкуудын чанаргүй зээлийн хэмжээ 5.5 хувьд хүрч, 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Д.Үжин