Мөнгөний бодлогын зөвлөл Монголбанкны бодлогын хүүг 1 хувиар нэмж, 13 хувь болголоо. Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдан,
олонхийн саналаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Монголбанкнаас арилжааны банкуудад зээлэх мөнгөний хүү нь нэмэгдээд
+13 болж байгаа юм.
Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахь жилдээ дараалан муудсаар байна. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байгааг Монголбанкнаас мэдэгдлээ.