Азийн тансаг зэрэглэлийн хамгийн том сүлжээ зочид буудлуудын нэг “Shangri-La Asia" компани банкны зээлээ эргүүлэн төлөх болон капиталын зарцуулалтаа санхүүжүүлэхийн тулд 5.23 тэрбум хонгконг доллар буюу 674 сая ам.доллар босгохоор зорьж байна. Тус компани нийт 471 сая нэмэлт хувьцаагаа нэг бүрийг нь 11.1 хонгконг доллараар үнэлэн арилжихаар төлөвлөснөө Хонгконгийн Хөрөнгийн биржид хүргүүлсэн тайландаа дурджээ. Тус компанийн зах зээлийн үнэлгээ он гарсаар 27 хувиар сулраад байгаа ба лхагва гарагт хувьцааны арилжаагаа түр зогсоосон юм. Тус компанийн хувьд “MCS" групптэй хамтарч 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Shangri-La Ulaanbaatar" зочид буудал болон үйлчилгээний төвийн цогцолборыг Улаанбаатар хотод барьж байгаа бөгөөд энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй байжээ. Гэхдээ өнгөрсөн есдүгээр сард тус барилгад гарсан галын улмаас төлөвлөгөөт хугацаандаа ашиглалт орох боломжгүй болоод байгаа юм. Шинэ төлөвлөлтийн талаар “Shangri-La Ulaanbaatar" мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.