“Отгонтэнгэр” их сургуулийн Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургууль, германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, олон улсын орон нутгийн тогтвортой төгжлийн институт хамтран “Нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хурлаар өнөөгийн эдийн засгийн хямралаас гарах арга замыг эрэлхийлсэн гэдгийг оролцогчид онцолж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих санаачилга хэрэгжиж байгаа өнөө үед нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд үндэслэн, шийдвэрлэвэл зохих арга замыг тодорхойлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар тус хурлыг зохион байгуулж байгаа аж. Хуралд Австралийн Канберрагийн их сургууль, Германы Карлсруэ их сургууль, олон улсын орон нутгийн тогтвортой хөгжлийн институт, Монголын их, дээд сургуулиудын эрдэмтэн докторууд дээрх сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажлынхаа үр дүнгээр илтгэл тавьсан юм. ОТИС-ийн Эдийн засаг-Бизнесийн удирдлагын сургуулийн захирал Л.Удвал “Манай сургууль жил бүр дээрх сэдвээр салбарын багш нарын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулдаг. Энэ жил цар хүрээгээ өргөжүүлж зөвхөн сургуулийн бус олон улсын хэмжээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал тогтворгүй байгааг эрдэмтэн судлаачид хэрхэн харж байна гэдгийг хүргэх зорилготойгоор тус хурлыг санаачлан зохион байгууллаа. Банк санхүү, нийгэм, газар тариалан, мал аж ахуй, байгалийн баялаг гэх мэт нэлээд өргөн хүрээний асуудлыг хэлэлцлээ” хэмээн ярьсан юм.
М.Энх
Сэтгэгдэл (1)