Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны 2013 оны тайланд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэж УИХ-д танилцуулахаар боллоо. Анх 2011 онд 76.9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй байгуулагдаж байсан хөгжлийн банкны хөрөнгө 2013 оны тайлангаар 230.9 тэрбумд хүрсэн байна. Харин нийт өрийн 64.4 хувийг Чингис бондын эх үүсвэр бүрдүүлж байна. 2013 онд Монгол Улсын хөгжлийн банк хүүгийн төлбөрөөс 42 тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд татварын дараахь цэвэр ашиг 26.9 тэрбум төгрөгт хүрсэн нь байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажилласан үзүүлэлт гэж эх сурвалж онцолж байна. Монгол Улсын Засгийн газраас “Хөгжлийн банк”-аар дамжуулан 10-аад салбарт улсын төсөв болон төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийт хоёр их наяд 179.6 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Үүнээс 30.7 хувь нь авто зам, 16 хувь нь уул, уурхайн салбарт олгосон зээл байгаа юм. Харин 37.1 хувь нь экспортыг нэмэгдүүлэх төслүүдэд олгогджээ.
Сэтгэгдэл (1)