Удаан хугацааны турш зөрчилтэй явж ирсэн “Туркиз Хилл Ресурс” Монгол Улсын Засгийн газартай ойлголцолд хүрч эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. Талууд өнөөдөр “Өмнө бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах” гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ нь хөрөнгө оруулагчид дөрвөн жилийн дотор эрчим хүчийг Монголоос хангадаг болох тухай гэрээний заалтыг дагаж байгаа алхам юм. Мөн Монголын татварын байгууллагаас 130 тэрбум орчим төгрөгийн татварын акт тавьсан асуудлыг ч ойрын хугацаанд шийдвэрлэх бололтой. Эх сурвалжийн мэдээллэж байгаагаар Оюутолгой компани олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа явуулж тайлан гаргадаг энэ нь Монголын татварын байгууллагын ажилтны тооцоололтой зөрсний улмаас энэхүү зөрчил үүссэн гэнэ. Хэрвээ Оюутолгой 130 тэрбумын татварын өртэй бол энэ хэмжээний өр хуримтлагдтал татварын байгууллага ажлаа хийхгүй явж байжээ гэх дүгнэхэд хүрнэ. Тиймээс татварын асуудал нь тооцооллын алдаа буюу Манай систем олон улсын нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаатай уялдахгүй байгаатай холбоотой байх магадлал өндөр гэдгийг эх сурвалж мэдээллэж байна. “Туркиз Хилл Ресурс” компаний гүйцэтгэх захирал “Татварын асуудал есдүгээр сарын 30-аас өмнө шийдэгдэнэ гэж итгэж байгаа бөгөөд далд уурхайн ТЭЗҮ-г тун удахгүй батална” гэж мэдэгдсэн байна. Ингэснээр банкуудын зээлийн шугам хаагдахаас өмнө буюу есдүгээр сарын 30-аас өмнө далд уурхайн санхүүжилтийн асуудал шийдэгдэх боломжтой болж байна. Хэрвээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ батлагдвал манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын нөхцөл орчинд эерэг үр дүнтэй бөгөөд жилдээ 1 тэрбум орчим ам.долларыг Монголд оруулж ирж байсан аварга төсөл хөдөлж вальютын ханш тогтворжих, аж ахуй нэгжүүд ажлын байраа тэлэх зэрэг эдийн засагт нааштай нөлөөлөл авчирна гэдгийг судлаачид онцолж байна.
Сэтгэгдэл (9)