Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд нийт 125 км хурдны замыг шинээр тавихаар төлөвлөөд байгаа. Тухайлбал Туул, Сэлбэ голын даланг дагуулан хурдны зам барих төслийг хэрэгжүүлэхээр болсон. Ингэхдээ 2013-2016 онд авто замын хэвтээ тэнхлэгийн дагуу Баянзүрхийн товчооноос Азийн автозамын АН-3 тэнхлэг хүртэл Туулын хурдны замыг байгуулахаар төлөвлөж байна. Туулын хурдны зам ашиглалтад орсноор тухайн замаар зорчих тээврийн хэрэгслийн тодорхой хэсэг нь хотын төв рүү орох мөн буцах зайлшгүй шаардлага гарах юм. Харин нийслэлийн төв рүү чиглэсэн энэ хөдөлгөөнийг Сэлбийн хурдны замаар зохицуулахаар боллоо. Тиймээс авто замын босоо тэнхлэгийн дагуу Хандгайтаас Яармаг хүртэл Сэлбэ голын хурдны замыг барихаар төлөвлөөд байна. Туул голын хурдны замыг 33 км, Сэлбэ голын хурдны замыг 26 км урт байхаар тооцоолж байгаа ажээ. Эдгээрээс гадна “Гудамж” төслийн хүрээнд Баянгол, Баянхошуу, Бэлх, Улиастайн хурдны зам байгуулах төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл эдгээр хурдны зам барих замын талбайн солбилцолыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталсан байна. Үүнтэй холбоотойгоор хурдны зам, замын байгууламжийн трасс болон хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож уг бүсэд зориулалтын бусаар газар олгохгүй байх, зурвас газрыг чөлөөлөх үүргийг Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд даалгажээ.