Монгол Улсын Засгийн газрын баталгаатайгаар Хөгжлийн банк 200 сая ам.долларын хөрөнгө босгохоор ажиллаж буйг globalcapital.com цахим хуудсанд нийтэлжээ. Арилжааны дансны бүртгэл хөтлөгчөөр “Credit Suisse” банк ажиллах юм байна. Энэхүү арилжааг гурав хувааж хийхээр төлөвлөсөн бөгөөд ам.долларын libor (Лондоны банк хоорондын захын суурь хүү) дээр 425-450 суурь нэгж нэмж тооцох гурав, тав, долоон жилийн хугацаатай үнэт цаас гаргах ажээ. Зээлдүүлэгчид баталгаажсан үнэт цааснаас хэсэгчлэн авч болохыг “Credit Suisse” мэдээлэв. Тэд арилжаанд гурван түвшинд оролцож болох юм. Тодруулбал, 50 сая ам.доллар болон түүнээс дээш хөрөнгө оруулсан зээлдүүлэгч гурван жилийн хугацаатай үнэт цааснаас 125, таван жилийнхээс 150, долоон жилийнхээс 175 суурь нэгжийн өгөөж авах юм байна.