БНХАУ-ын дарга Ши Жин Пин ирэх наймдугаар сард манай оронд айлчлахаар болсон. Коммунист намын хувьд Бүх Хятадын дарга төрийн эрхэнд гараад ердөө хоёр дахь жилдээ Монгол Улсад айлчилж байгаа нь анхны тохиолдол юм. Ши Жин Пиний энэ удаагийн айлчлал олон улсын анхаарлыг ч багагүй татах бололтой. Манайхан ч түүний энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаан болж Ши Жин Пиний айлчлалыг зохион байгуулах асуудлыг хэлэлцээд танхимынхаа “хамгийн мундаг хариуцлагатай сайдад” энэ ажлыг даалгах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Угтаа бол уг асуудлыг хариуцдаг гадаад харилцааны сайд нь амьд сэрүүн цовоо цоргиун ажлаа хийж л яваа . Гэвч Ши Жин Пиний айлчлал бол гадаад харилцаанаас ч хальсан огторгуй тэнгэрийн гүн гүнзгийн асуудал бололтой. Ингээд эрх баригчид хоорондоо ярилцаад Н.Батбаяр сайдад Ши Жин Пиний айлчлалын бэлтгэлийг хангах үүргийг оноожээ. Харин үүнийг саарал ордоныхон янз бүрээр тайлбарлаж байна. Огцруулах асуудал нь ороод шийдэгдээгүй яваа түүнийг тодруулж өнгөлөхийн тулд ийнхүү чухал айлчлалын цулбуур атгуулж байгаа гэж нэг хэсэг нь тайлбарлаж байхад Засгийн газар хөл толгой нь мэдэгдэхгүй болсны шинж гэж дүгнэх хэсэг ч байна.
Бид орчин үеийн бүгд найрамдах засаглалтай болсноос хойш гадаадын өндөр дээд хэмжээний уулзалтыг дэлхийн жишигт нийцсэн дипломат ёсоор хийж хэвшсэн улс. Ямарваа орны төрийн тэргүүний айлчлалыг Гадаад харилцааны сайд удирдан зохион байгуулж өөрөө угтаж үддэг ёстой. Мөн зохион байгуулалт хариуцсан төрийн ёслолын алба ч үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл асуудал хариуцсан салбарын сайд нь байсаар байтал эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт тэс хөндлөнгийн тэмээ самнах ажил хариуцуулж байгаа нь Засаг төр ямар ч ажил үүргийн хуваарьгүй болсны шинж юм.
Засгийн газар ямар ч бодлоггүй, ажил үүргийн хуваарьгүй болсныг харуулах явдал зөвхөн үүгээр зогсохгүй. Төмөр замын салбар хариуцсан А.Гансүх сайд байсаар байтал мөн л Н.Батбаяр сайдаар нарийн царигийн төслөө УИХ-д өргөн мэдүүлсэн нь саяхан. Гэтэл А.Гансүх сайд Ерөнхий сайд болон Н.Батбаяр нарын өргөн барьсан нарийн царигийн асуудлыг дэмжихгүй гээд тэс хөндлөн хэвтэж байгаа. Н.Батбаярын зүтгүүлээд байгаа нарийн төмөр замын царигийн асуудал Хятадын эрх ашигтай салшгүй холбоотой. Энэ удаад ч мөн тэрээр Хятадын төрийн тэргүүний айлчлалыг гардан авч байгаа нь энэ хүн ер нь хэний төлөө ажилладаг вэ? гэсэн асуудлыг зайлшгүй дагуулж байна.
Энэ мэтээр хэн гэж сайд ямар гээч салбар хариуцсан, юуны төлөө ажиллаж байгаа нь мэдэгдэхээ байж төрт ёсны уламжлал, хөдлөшгүй зарчим алдагдсаар байна. Салбараа хариуцахгүй юм бол сайд гэж тоймлох хэрэг юун?
Удахгүй Н.Удвал сайд хөдөө аж ахуй ярьж, Ц.Оюунгэрэл цэрэг командлаж, Ч.Улаан динозаврын музей байгуулж, Х.Тэмүүжин эрчим хүч яриад эхлэхэд гайхах зүйл алга. Н.Батбаяргүй бол Ши Жин Пиний айлчлал нураад унах юм байхаа. Н.Батбаяраас өөр том айлчлалыг зохион байгуулах хариуцлагатай, чадвартай хүн олдохгүй байгаа бололтой. Н.Батбаяр гадаадын хөрөнгө оруулалтыг үргээн түлхэж, гутаан доромжилоход оройлон манлайлсан. Дэлхийн банкны төлөөлөгчидтэй “эдийн засгийн алуурчдаар юу байна” гэж мэндлээд нүдийг нь орой дээр нь гаргасан гэдэг. Гэтэл одоо мөнхийн хөрш, эдийн засгийн хамгийн чухал хамтрагчийнхаа айлчлалыг зохион байгуулах юм гэнэ. Онгод тэнгэр н Хятадын даргад ямар үг дайж бантагнуулах болдоо.
Т.Цагариг
Сэтгэгдэл (38)