Монголын цэвэр нүүрсний боломжийг нээх нь сэдвийн хүрээнд “World Clean Coal 2014” олон улсын чуулган Монгол Улсад амжилттай эхэллээ. Чуулганыг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн байна. Тэрээр "Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар томоохон жин эзэлж буй. 2013 оны статистикаас үзвэл Монгол Улсын ДНБ-ний 18.5 хувийг уул уурхайн салбар үйлдвэрлэж, нийт экспортын 82 хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний дотор нүүрсний экспорт нийт экспортын 26 хувийг бүрдүүлжээ. Иймээс энэ салбарыг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын эдийн засагт тэргүүлэх ач холбогдолтой. УИХ өнгөрсөн онд тогтоол гаргаж нүүрснээс шингэн түлш гарган авах технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн албан татвараас 2018 оныг дуустал чөлөөлж дэмжлэг үзүүлж байгаа. Хүрэн нүүрсийг шингэрүүлж, хийжүүлж эрчим хүчний зорилгоор ашиглахаас гадна ойрын ирээдүйд химийн аж үйлдвэрийн түүхий эд болгох замаар удахгүй дуусч магадгүй газрын тосыг орлуулах талаар туршилтыг хийгээд эхэлжээ. Газрын тосноос гаргаж авдаг бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг нүүрснээс гаргах боломжтой. Ирээдүйтэй энэ салбарын талаар одооноос бодож эхлэх нь зүйтэй" гэж гэдгийг хэлсэн үгэндээ онцолсон байна. Чуулганд “Эрдэнэс тавантолгой” компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурь, “Peabody Energy” компаний азийн бүс хариуцсан Ерөнхийлөгч Хагердан “ПОСКО” компаний дэд ерөнхийлөгч Жаэ Сок Ким “Монголын Алт” компаний “Адуунчулуун CTL” төслийн удирдагч Ж.Золжаргал болон олон улсын төлөөлөгчид, нүүрс боловсруулах дэвшилтэд технологи, судалгаа шинжилгээний сэдвээр илтгэл тавих юм. Мөн чуулга уулзалтад Солонгос, Герман, Япон, БНХАУ, Франц, Дани, Австрали зэрэг улсуудын төрийн төлөөлөл, томоохон төслийн мэргэжилтнүүд оролцож нүүрсний салбар дахь төрийн бодлого, дэмжлэг, цэвэр нүүрс, нүүрс хийжүүлэх технологийн асуудлаар туршлага, мэдээлэл солилцож байна.