УИХ-ын нэгдсэн чуулганаар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Эрх баригчдын зүгээс өрийн хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүргэх саналыг оруулж ирсэн нь нэлээд маргаан дэгдээгээд байна. МАН-ын гишүүд “Улс орныг өр тавихаас өөр аргаар хөгжүүлэх гарц алга уу?” гэж Н.Батбаяр, Ч.Улаан сайд нар руу нэлээд ширүүн дайрч байна. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Засгийн газар өрийн хэмжээг 8.2 их наядаас 14.4 их наяд болгож нэмэгдүүлэх санал оруулж ирж байна. Энэ нь Монгол Улсын нэг иргэн бүрийг 5084000 төгрөгийн өрөнд оруулах санал юм. Энэ засгийн газар ард иргэдээ өрийн ангалд унагах гэж байна. Их Хурлын даргаа Засгийн газар хууль зөрчөөд явж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээ ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл өрийн хэмжээ ДНБ-ийн 62 хувьтай тэнцээд явж байна. Засгийн газар хуулиа зөрчдөө зөрсөн хуулиа далдлах гэж хууль санаачлаад явж байна. Өрийн хэмжээг 70 хувьд хүргэж яг яах гээд байгаа юм бэ? Ямар төсөл хөтөлбөрүүд байгаа юм бэ? ТЭЗҮ нь байна уу? Монгол Улсад ийм ач холбогдолтой, эдийн засагт ийм үр дүнтэй гэсэн тооцоо судалгаа байна уу? 2014 онд валютын ханшийг хэдээр тооцсон? 2015 онд хэдээр тооцох вэ? илүү дутуу лекц уншилгүй төдөөр тооцсон гэж хэлээрэй.Чингэс бондын мөнгө ямар ч тооцоо судалгаагүй, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй дуусч байна. ҮАБЗ дээр хүртэл энэ асуудлыг ярьдаг болсон. Ингэж болохгүй. Одоохондоо Чингэс бондын зарцуулалт нууц байж болно. Удахгүй ил болно шүү Н.Батбаяр сайд аа” гэв. Харин өрийн хэмжээг нэмснээр улс орны эдийн засагт ямар ач холбогдолтой, ямар төслүүдийг санхүүжүүлэх, валютын ханшийг хэдээр тооцсон талаар тоймтой хариултыг Н.Батбаяр, Ч.Улаан нарын аль ч хэлсэнгүй. Ч.Хүрэлбаатар гишүүн нэмж “өнгөрсөн 11-р сард долларыг 1384 төгрөгт барина. Хүрэлбаатараа чамд би харуулна гэж Батбаяр хэлж байсан. Чадаагүй л байхгүй юу? гэж шордов. ”Чуулганы хуралдаан нэлээд маргаантай үргэлжилж байна.
Сэтгэгдэл (8)