Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК өнөөдрийг хүртэл нүүрсээ угаах үйлдвэр байгуулаагүй. Харин “Энержи ресурс” компани нүүрс угаах үйлдвэр, цахилгаан станцаа хүртэл ашиглалтанд оруулж, төмөр замын төслөө өөрийн хөрөнгөөр бүтээхээр ажиллаж байсан. Тэд төмөр замын төслөө 500 сая долларт багтаан дуусгахаар ажиллаж байсан ч Засгийн газар тэдний ажлыг зогсоож нөхөн төлбөрт нь 80 орчим тэрбум төгрөгийг олгосон билээ. Ингээд төрийн өмчийн төмөр зам байгуулах төсөвт өртөг нь 900 орчим сая доллар болон өсч үүнд бондын хөрөнгөөс 400 сая доллар олгох шийдвэр гарсан. Мөн өнөөдрийг хүртэл царигийн асуудлаа шийдэж чадалгүй маргалдсаар байна. Төрийн өмчийн компаний ажил ийнхүү урагшгүй байгаад зогсохгүй хувийн хэвшлийн ажилд ч ихээхэн саад учруулдагийн тод жишээ нь энэ юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ сарын 10-ний байдлаар 1.7 сая тн нүүрс борлуулсан байна. Тэд уурхайн амнаас нэг тн нүүрсийг 34-37 долларын үнэтэйгээр нийлүүлж байгаа аж. Түүнчлэн олборлосон түүхий нүүрсээ 11 компанид нийлүүлэх гэрээг байгуулсан гэдгийг албаны эх сурвалжууд онцолж байна. Харин “Энержи ресурс” компани олборлосон нүүрсээ угааж тн тутмыг нь 80-85 доллараар худалдаалсан байна. Тэгвэл хувийн компанийхаа бүтээн байгуулсан ажлыг нь булааж, өөрсдөө ч олигтой үргэлжлүүлж чадахгүй байгаа тэд эргээд “Энержи ресурс”-ийг царайчлах болов. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” ХК “Энержи Ресурс” компаний үйлдвэрт нүүрсээ угааж бүтээгдэхүүнээ хамтад нь худалдаалах яриа хэлэлцээрийг хийж байгаа ажээ. Яриа хэлэлцээр ерөнхийдөө дуусах шатандаа явж байгааг "Энержи Ресурс" компаний гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл мэдээллэсэн байна.
Сэтгэгдэл (2)