Засгийн газар 2014 оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх хуулийн төслөө УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж байна. Тодотголоор авилгажсан төсөв буюу 0 үнийн дүнтэй бичигдсэн төсөл хөтөлбөрүүдийг 139 тэрбум төгрөгт багтаан төсөвт суулгах, төсвийн урсгал зардлыг 10-30 хувиар хэмнэх зэрэг асуудлууд яригдаж байна. Сангийн сайд Ч.Улаан төсөвт тусгах хөрөнгө оруулалтын талаар "УИХ-аас тодорхой чиглэл өгсний дагуу сангийн сайдын багцад байгаа 139.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг нэг бүрээр хуваарилж УИХ батлах ёстой" гээд төсвийн хэмнэлтийн талаар "Төсвийн урсгал зардал дотроос тэвчиж болох зардлуудыг түүж үзлээ. 20 гаруй төрлийн зардал байна. Нийт дүнгээрээ төсвийн зардлыг бууруулсаар 40 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх боломжтой" гэж байр сууриа илэрхийлэв. Харин Засгийн газраас оруулж ирж байгаа эдгээр саналыг дэмжихгүй байгаа гишүүд цөөнгүй байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Төсвийн урсгал зардлыг 15-30 хувиар бууруулж оруулж ир гэсэн. Гэтэл гэвч Засгийн газрын өргөн барьсан тодотгол нь УИХ-ын чиг үүргийн дагуу хийгдээгүй байна. Мөн төсвийн орлого маш их эрсдэлтэй байна. Эхний улирлын байдлаар л гэхэд 300 тэрбум төгрөгөөс дээш орлого тасарсан. 2013 онд нийт хийх ёстой хөрөнгө оруулалтын 40 хувийг л хийсэн шүү дээ. Энэ байдал 2014 онд давтагдах нь. Тиймээс төсвийн тодотголыг буцаах саналтай байна. Буцаахдаа бас эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолтой холбогдуулан төсвийн урсгал зардлыг 20 хувиар буулгаж хэмнэлтийн горимд шилжүүлэх ёстой" гэв. Төсвийн орлого тасарч тодотгол хийх нөхцөл үүсч болох тухайд сангийн сайд Ч.Улаан "Улсын төсвийн алдагдал төлөвлөсөн хэмжээнээс гурван хувиар хэтэрвэл тодотгол оруулдаг хуультай. Эхний дөрвөн сарын байдлаар 400 тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасраад байна. Энэ жилийн хувьд 750 тэрбум төгрөгөөр төсвийн орлого тасалдвал төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдэнэ" гэсэн тайлбарыг өгч байна.
Сэтгэгдэл (1)