Монгол Улсын
Засгийн газар “Рио Тинто” компани
хамтран хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн хоёр дахь үе шат гацаанд орсоор нэг
жилийг үдэж байна. Монголын тал хөрөнгө оруулалтын зардлыг дахин нягтлах
шаардлагатай, далд уурхайн ТЭЗҮ-д зардал 20 орчим хувиар өссөийг хүлээн
зөвшөөрөхгүй гэж мэдэгдснээр уг төслийн хоёр дахь үе шат гацаанд ороод байсан. Тэгвэл
саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын ерөнхийлөгчид
захидал илгээж төслийн дараагийн үе шатыг яаралтай эхлүүлэх, Монголын талаас
хөрөнгө оруулалт хийхэд ямар нэгэн хориг саад үзүүлэхгүй гэсэн байр суурийг
илэрхийлж буулт хийгээд байгаа. Удтал сунжирсан хэлэлцээр энэ оны есдүгээр сард
эцэслэгдэж төслийн дараагийн үе шат эхэлнэ гэдэг мэдээллийг эдийн засгийн
хөгжлийн дэд сайд О.Чулуунбатын мэдэгдэлд тулгуурлаж гадаадын зарим хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж эхлээд байна. Сүүлийн үед зэсийн үнэ унаж
байгаа нь хөрөнгө оруулагчид төслийн санхүүжилтийг хойшлуулах нөхцөл болж
байгаа гэж Монголын эрх баригчид мэдээллээд байгаа. Тэгвэл “Туркойз Хилл Ресурс”
компаний санхүү эрхэлсэн дэд захирал Кристопер Бейтмэн “Зэсийн үнэ буурч байгаа
нь төсөлд шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларыг босгоход нөлөөлөхгүй” гэж мэдэгдэв.
2011 онд зэсийн үнэ 8838 ам.доллар хүрснээс хойш уруудаж өнөөдөр 6698
ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байна. Тэгвэл олон улсын зарим шинжээчид
удааширч буй төслүүдээс шалтгаалж зэсийн үнэд сэргэлт ирж магадгүй гэсэн таамгийг
дэвшүүлээд байна. Хятадын эдийн засгийн өсөлт саарсан ч зэсийн хэрэглээ
төдийлөн буурахгүй гэж тэд үзэж байна. Тухайлбал “Морган Стенли”-гийн шинжээчид
зэсийн үнийг ирэх онд 7397 ам.доллар хүрнэ гэсэн төсөөллийг гаргаад байна.
Сэтгэгдэл (1)