Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.1, 6.2.2, Компанийн тухай хуулийн 57.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос “Хорго хайрхан” ХК (MSE :CHE)-ийн нийт гаргасан 135,126 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 130 /нэг зуун гучин/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч, санал хүчинтэй байх хугацааг 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтжээ.
Нийт хувьцааны 67.5 хувь буюу 91,240 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох О.Тунгалаг, Р.Ариунболд, Р.Батболд нарын, 32.5 хувь буюу 43,886 ширхэг нь тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байдаг аж.
Тус компани нь Төв аймгийн Эрдэнэсант сумд мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 1992 оны 7 дугаар сарын 20-нд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн аж. Энгийн хувьцаа арилждаг бөгөөд хувьцааны сүүлийн хаалтын ханш 60 төгрөг байна.