Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулах, стратегийг төлөвлөх зэрэг асуудлаар төрийн шийдвэр гаргахад мэргэжлийн санал, зөвлөгөө өгөх үүрэгтэй Мэргэжлийн холбоодын зөвлөл (МХЗ) байгуулагдлаа. Тус зөвлөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Уул уурхайн яаман дээр 3 –р сарын 21 –нд МХЗ –ийн анхны хурал зохион байгууллаа. Хуралд сайд Д. Ганхуяг, Уул уурхайн яамны мэргэжилтнүүд, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын үйлдвэрлэлийн геологийн Холбоо, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо, Монголын экспортлогчдын холбоо зэрэг 20 орчим холбоодын төлөөлөгчид оролцож, өнөөгийн эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны тухай ярилцсан билээ.
МХЗ –ийн даргаар уул уурхайн сайд, дэд даргаар нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч томилогдлоо. Ийнхүү Газрын тос, геологи, Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг олон холбоод нэгдэж төр засагтайгаа хамтран ажиллах дээвэр холбоо буюу МХЗ –г байгуулав.
Хурлаар ашигт малтмалын ордын нөөц, баялгийг тайлагнах систем, Монголын нөөцйин ангилалыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор CRIRSCO (олон улсын ашигт малтмалын нөөцийн ангилалын байгууллага) байгууллагад элсэх тухай саналыг дэмжиж, элсэх ажлыг эрчимжүүлэхийг санал болгосон. Мөн Уул уурхайн яам холбоодуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, шийдвэр гаргахдаа холбоодын саналыг авч байх талаар төвөөлөгчид онцоллоо.
Энэхүү зөвлөлийн хурлыг улирал болгон хийж байхыг санал нэгтэй дэмжсэн юм.