Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайланг нэгтгэж Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд танилцууллаа. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагаанд өгсөн үнэлгээний дүнгээс үзэхэд 8 төсвийн ерөнхийлөн захирагч 80-89 оноо буюу “сайн”, 21 төсвийн ерөнхийлөн захирагч 60-79 оноо буюу “хангалттай”, 15 төсвийн ерөнхийлөн захирагч 40-59 оноо буюу “хангалтгүй”, 9 төсвийн ерөнхийлөн захирагч “муу” үнэлгээ авсан бөгөөд 6 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан огт ирүүлээгүй байна.
Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2013 оны худалдан авах ажиллагааны тайлангаас үзэхэд дараах нийтлэг зөрчил, дутагдлууд байна. Үүнд:
1. Худалдан авах ажиллагааны 2013 оны төлөвлөгөөг Эрчим хүчний яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Сүхбаатар аймаг, Завхан аймаг, Орхон аймаг, Төв аймаг, Говь-Алтай аймаг, Ховд аймаг, Говьсүмбэр аймаг, Төрийн албаны зөвлөл аймгууд тус яаманд ирүүлээгүй байна. Хуулийн 48.5-д заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлан мэдээлэх ажил хангалтгүй байна.
2. Тайлангийн иж бүрдэл дутуу тухайлбал журмын Маягт 2-ын дагуу бичмэл тайлан ирүүлдэггүй, харъяа байгууллагын худалдан авах ажиллагааг нэгтгэн тайлагнаагүй, Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ, үнэлгээний системд тендер шалгаруулалтын явц, үр дүнг оруулаагүй зөрчил байна.
3. Засгийн газраас өгсөн албан даалгаврын дагуу улирал бүр төсвийн ерөнхийлөн захирагч нарын худалдан авах ажиллагааны биелэлтийг гарган Сангийн яаманд ирүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг тухай бүр анхааруулж байсан билээ. Улсын хэмжээнд худалдан авах ажиллагааны 2013 оны хагас жилийн хэрэгжилт 55 хувьтай байсан.
4. Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим сүлжээнд /www.e-procurement.mn/ 2013 онд 3826 тендерийн урилга, 2080 тендер шалгаруулалтын үр дүн нийтлэгдсэн байна. Тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд зарлан мэдээлэх чиглэлээр хангалтгүй ажилласан байна.
5. Тендер шалгаруулалтын үнэлгээний явцыг үндэслэлгүйгээр сунжруулж, хууль журмын дагуу үнэлгээ хийгээгүйн улмаас гомдол гарах, улмаар төсөл арга хэмжээний биелэлт удааширч байна. (Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яаманд гаргасан нийт 332 гомдлын 60 хувь нь захиалагчийн шийдвэр хуульд нийцээгүй тул тендер шалгаруулалтыг дахин явуулах шийдвэр гарсан байна).
Сэтгэгдэл (1)