"Монгол орны нөхцөлд цахилгаан автомашины техникийн нөхцлийн туршилт, судалгаа” төслийн хүрээнд ШУТИС-д бүрэн цахилгаан 6 автомашинуудыг хүлээлгэн өглөө. ШУТИС-ийн Механик инженерийн сургууль болон БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд, судалгаа хийх зорилгоор эдгээр машиныг ашиглана. Машинууд нь үйлчилгээний зориулалттай, хот дотор зорчих зориулалттай хийгджээ.
Судалгааны үр дүнд бүрэн цахилгаан авто машиныг Монгол орны нөхцөлд ашиглаж болох, ямар бэрхшээл тулгарах, нөхцөлд байдалд хэрхэн зохицуулах, юуг анхаарах зэргийг тогтоохоос гадна цаашид энэ төрлийн авто машины угсралт, үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх юм.
Эдгээр машин нь АНУ-ын Vantage Vehicle компанид үйлдвэрлэсэн Vantage маркийн байгаль орчинд 100 хувь хоргүй, зургаан ширхэг бүрэн цахилгаан автомашин болон мульти тестерийн багажийг хамтын хөрөнгө оруулалтаар оруулж ирж байна. Тус цахилгаан машин нь 220в-д 4-6 цаг цэнэглээд 100 км хүртэл явах ажээ. Мэдээж энэ бол зогсолтгүй ажиллах тохиолдолд. Тиймээс үүнээс олон км явах боломж бий аж. Машины дээд хурд нь 40-50 км/цаг гэнэ. Цахилгаан хөдөлгүүртэй тул байгаль орчинд хор хөнөөлгүй юм.
Өнөөдрийн арга хэмжээнд "Зам тээврийн яамны" ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батзаяа, БНСУ-ын КОЙКА байгууллагын монгол дахь суурин төлөөлөгч Чой, Хын-Ёл, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Д.Одхүү, ШУТИС-ийн ректор Б.Очирбат, тэргүүн проректор Д.Батчулуун, нар оролцож, тууз хайчлав. Түүнчлэн өнөөдөр энэ машинууд Монгол дахь анхны хөдөлгөөнөө хийсэн юм.
Ц.Элбэгсайхан