Банкууд 2014 оны 2 дугаар сард нийт 1475 зээлдэгчид 81.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2121.8 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 53611 хүрчээ.
Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 6.9 нэгж хувиар, оны эхнээс 13.5 нэгж хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 115.5 нэгж хувиар нэмэгдсэн байна. Банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 65.1 хувь буюу 1382.1 тэрбум төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн зээл (8 хувийн хүүтэй зээл болон 8 хувийн хүүтэй зээлд шилжүүлсэн зээл), 31.4 хувь буюу 665.2 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.5 хувь буюу 74.5 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна.
Тухайн сард 19.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл төлөгдсөн нь өмнөх сараас 9.0 хувиар буурсан ч, өмнөх оны мөн үеэс 1.9 дахин өссөн байна. 2014 оны 2 дугаар сарын байдлаар ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.9 хувь нь төгрөгийн зээл, 3.1 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хувь харьцангуй тогтвортой байна.
Шинээр олгосон зээлийн 72.6 хувь буюу 59.0 тэрбум төгрөг нь жилийн 8 хувийн хүүтэй хөтөлбөрийн зээл, 27.4 хувь буюу 22.2 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс олгосон зээл байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 2010 оны дунд үеэс тогтвортой өссөн бөгөөд 2014 оны 2 дугаар сарын байдлаар 55.1 сая төгрөгт хүрчээ.
Тухайн сард банкуудын олгосон ипотекийн зээл өмнөх сараас 20 хувиар буурсан ч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 дахин өсчээ. Ипотекийн зээлийн өсөлт жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотойгоор 2013 оны 6 сараас хурдассан байна. Тодруулбал, банкуудын ипотекийн зээлийн 2014 оны 2 дугаар сарын үлдэгдэл хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнөх үетэй (2013 оны 5 дугаар сар) харьцуулахад 2.2 дахин нэмэгдсэн байна.
Тайлант сард нийт 1475 иргэн шинээр ипотекийн зээлд хамрагдсанаас 1093 иргэн 8 хувийн хүүтэй Засгийн газрын хөтөлбөрийн зээлд хамрагдаж, 382 иргэнд банкууд өөрийн эх үүсвэрээс зээл олгожээ.