Өнөөдөр Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. Чуулганд хоёр талын 120 орчим төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцөл орчин, хамтран бизнес хөгжүүлэх нөөц бололцооны талаар санал солилцсон байна.
Уулзалтанд Монгол Улс
ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-аас манай улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ван Шяолун нар оролцож үг хэлжээ. Ерөнхий сайд ““Хөрөнгө оруулалтын салбарт манай хууль эрхзүйн орчин тогтвортой, ойлгомжтой, тодорхой болсон. Энэ нь Монголд хөрөнгө оруулахад түвэгтэй , хүнд сурталтай байдлыг багасгаж чадсан” гэлээ. Мөн хууль эрхзүйн орчин өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Засгийн газраас гаргах дүрэм журмуудыг хялбар, ойлгомжтой, хурдан, нэг цэгийн үйлчилгээтэй болгох ажлуудыг хийж байгаа. Хөрөнгө оруулагч та бүхэн Эдийн засгийн хөгжлийн яамны харьяанд ажилладаг Гадаадын хөрөнгө оруулалтын агентлагт хандаж олон төрлийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой” болсон гэдгийг үгэндээ онцолсон байна.
Уулзалтанд оролцож буй Хятадын компаний удирдлагууд Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа ч энэ нь гол төлөв шинэ хөрөнгө оруулагчдад хүртээлтэй байна. Хуучин түншүүдээ дэмжих асуудал орхигдсон гэж үзэж байна. Түүнчлэн Монголчуудтай хамтран бизнес хийх гэхэд газрын маргаан их гардаг зэрэг бэрхшээлүүдийг тоочсон байна.
Харин Монголын талаас нүүрсний экспортын хэмжээ, үнийг нэмэх тухай асуудлыг дэвшүүлсэн бол Хятадын тал үүнд “Манай нүүрсний зах зээл хумигдаж, импортын хэмжээгээ бууруулаагүй. Монголын хувьд нүүрсний өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, ялангуяа нүүрснийхээ чанарыг дээшлүүлвэл хамтарч ажиллахдаа бэлэн байдаг” гэж хариулж байв.
Засгийн газар эдийн засгийн өнөөгийн хямралт байдлыг Хятадын зах зээл дэхь түүхий эдийн уналт, хязгаарлалттай холбон тайлбарладаг. Харин Хятадын төлөөлөгчид үүнийг үгүйсгэж, зах зээл хэвийн байгаа гэдгээ ийнхүү илэрхийлж байна.