Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 24 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ругийн хүсэлтээр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр түүнийг хүлээн авч уулзлаа.
Өдгөө хоёр улсын худалдааны бараа эргэлт 63 сая ам.долларт хүрсэн ба БНСУ нь Монгол Улс дахь нийт хөрөнгө оруулалтын 2.7 хувийг эзэлдэг үзүүлэлтээрээ манай хамтын ажиллагаатай орнуудаас 7 дугаар байрт жагсдаг юм.
Одоогийн байдлаар тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр “Үндэсний оношилгоо эмчилгээний төв байгуулах төсөл” манай оронд хэрэгжиж байна. Энэ өдөр төслийн үйл явцын талаар мэдээлэл сонсож, шуурхайлах асуудалд хоёр тал чармайлт гаргахаар тохирсноос гадна хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл буюу 244.5 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх бусад төсөл хөтөлбөрийн талаар мөн санал солилцсон юм. Монгол Улсын хувьд орон сууц, зам барилгын бүтээн байгуулалтад үлдэгдэл хөрөнгийг зарцуулах сонирхолтой байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд энэ үеэр илэрхийлсэн. Монгол Улсын талаас сонирхлоо илэрхийлсэн аль ч төслийг санхүүжүүлэх хийгээд хэрэгжүүлэхэд Солонгосын Засгийн газар, Элчин сайдын яам дэмжиж ажиллана гэдгээ ноён Ли Тэ Ру мөн мэдэгдлээ.
Уулзалтын үеэр яригдсан өөр нэг асуудал нь БНСУ-ын Засгийн газраас манай улсад үзүүлэх буцалтгүй тусламж. Монгол Улсын найрсаг харилцаа бүхий 4 дэх хөрш орны хувьд үзүүлж буй эл тусламжийг нүдэнд харагдаж, гарт баригдах, эргэн санахад дурсгал бүхий бүтээн байгуулалтад зарцуулах нь зүйтэй гэж Эдийн засгийн хөгжлийн сайд хэлээд Улаанбаатар хот дахь зарим томоохон бүтээн байгуулалтууд, тухайлбал Нарны гүүрийг япончууд, Энхтайвны гүүрийг өмнөд хөрш, орон сууцны томоохон хорооллуудыг хойд хөршийнхөн маань гэхчилэн байгуулж өгсөн байдаг ба одоогоор БНСУ-ын гэх тодотголтой бүтээн байгуулалт хараахан байдаггүй хэмээн хошигносон юм. Солонгосын тал энэ байдлыг хэдийнэ анзаарсан гэнэ. Улмаар Монгол Улсын хөгжил дэвшилд нэн хэрэгцээтэй бүтээн байгуулалтын ажлуудад гар бие оролцон хөнгөлөлттэй зээл хийгээд буцалтгүй тусламжийн аль ч нөхцөлөөр хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 24 жилийн ойн энэ өдөр Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзаж буйгаа ноён Ли Тэ Ру билэгшээгээд баярын бялуу, оргилуун дарс бэлтгэн ирсэн байлаа.
Сэтгэгдэл (3)