Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот дахь томоохон цементийн үйлдвэр, арматур импортлогч компаниудаар орж бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонслоо.
Нийслэлд гэхэд тус бүр нь 100 мянган тонн клинкер боловсруулах хүчин чадалтай дөрвөн ч үйлдвэр байгаа юм. Централ Эйшн, Эм Жи Эл, Эрдэс Бетон компаниудын тээрэм, нөөц бололцоо, агуулах сав, тоног төхөөрөмж зэрэгтэй салбарын яамны удирдлагууд танилцлаа.Энэ жилийн хувьд цементийн хэрэгцээг хангахдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлого баримтална гэж сайд Ц.Баярсайхан хэлэв. Жилдээ нэг сая тонн цемент импортоор оруулж ирэхийн оронд цементийн үндсэн түүхий эд болох клинкерийг БНХАУ-ын Бугат дахь Wolan-ы үйлдвэрээс оруулж ирж улмаар нэмүү өртөг шингээн үйлдвэрлэвэл хямд үнээр гарах боломж байна.
Тус бүр нь нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий МАК, Монполимет, Хөтөлийн цементийн үйлдвэрүүд ашиглалтанд бүрэн орж хүчин чадлаараа хараахан ажиллаагүй байгаа. Хөтөл гэхэд энэ жил 600 мянган тонн клинкер гаргах л боломжтой байна. 2016 онд дээрхи үйлдвэрүүдийн үйлдвэрлэл жигдрэх учраас тэр хүртэл импортын хэрэгцээ манай улсад байгаа гэдгийг сайд тодотголоо.Харин арматурын тухайд Бэрэн группын үйлдвэр мөн л 2016 онд ашиглалтанд орсоноор манай улс цемент арматурын импортын хамаарлаас гарах юм.
Бизнес эрхлэгчид клинкер оруулж ирж цемент үйлдвэрлэх яамны саналыг дэмжиж байна. Хятадаас оруулж ирж байгаа цементийн зарим нь бороо усанд нордог. Чийгшил авахаараа урвал явагдаж чанар нь муудах гэх мэт асуудал бий. Тиймээс үйлдвэрээс дөнгөж гарсан шинэ цемент чухал. Үнийн хувьд ч урд хөршөөс оруулж ирсэнээс хямд үнээр зарах боломжтой юм.
Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 140 тэрбум төгрөг зарцуулагдсанаас 38 тэрбум төгрөгийг цемент, 65 тэрбумыг арматурын импортод зарцуулахаар төлөвлөсөн ч ам долларын ханшийн өсөлтөөс болж аж ахуйн нэгжүүд хөтөлбөрт хамрагдахаас татгалзсан байна. Үнэ ч барилгын үйлдвэрлэлийн төгсгөлд өссөн тал бий. Харин энэ жил үйлдвэрлэгчдээ дэмжиж импортын хамаарлыг багасгахаар Барилга, хот байгуулалтын яам ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)