БХГ-т Тосон-Уул XIX талбайд (Дорнод аймаг, Матад сум) байрлах газрын түүхий тосыг цуглуулах, цэвэршүүлэх, хадгалах, ачих Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн экспортын тос ачих хэсэгт 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гал гарсан.
Гал гарсан шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Газрын тосны ачилт хийлгэн эгнэн зогссон 10 машины баруун захаас 3 дахь машинд гал гарч дэлбэрэлт үүсэн улмаар бусад машинууд ээлж дараалан шатсан. Энэ үед ачилтын шахуургыг хааж, ТА-1 олборлолтын ил байгууламжийн цахилгааныг бүрэн салгасанаар тос хадгалах савнуудыг дэлбэрэлтээс хамгаалж чадсан. Галын ослоор БНХАУ-ын эзэмшлийн экспортын тосны тээвэрлэлтийн нийт 8 машин шатсан. Энэ үед эдгээр машинуудад нийт 80 орчим тонн тос ачигдсан байсан. Мөн ажил үүргээ гүйцэтгэж явсан БНХАУ-ын харьяат 2 мэргэжилтэн амь насаа харамсалтайгаар алдсан.
Та-1 олборлолтын ил байгууламжийн ачилтын хэсэг галд өртсөн. Харин бусад хэсэг болох түүхий тос цэвэршүүлэх, хадгалах хэсэг, ус шахалтын хэсэг, бохир ус цэвэршүүлэх хэсэг, түүхий тос буулгах хэсэг, 110 кВт-ын дэд станц, перфораци, шингэн хагалбарын шингэнг цэвэршүүлэх сан зэрэг болон ойр орчмын барилга, байгаль орчинд ямар нэгэн осол аюул учраагүй.
Галын ослоос үүдсэн эвдрэл гэмтлийн тухайд засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал, ажиллах хүчнийг БНХАУ-аас богино хугацаанд оруулж ирэн сэргээн босголтын ажлыг 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийж дуусгасан. Одоогоор Тосон-Уул XIX талбай дахь Та-1 олборлолтын нэгдсэн ил байгууламжийн ачилтын хэсэг бүрэн засварлагдсан БНХАУ-руу түүхий тосны экспортыг хэвийн үргэлжлүүлж эхлээд байна.