Жил бүрийн 3 дугаар сард Канад улсын Торонто хотод зохион байгууллагддаг “Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт-үзэсгэлэн”-д манай улс 2006 оноос оролцож эхэлсэн. Энэ жил Уул уурхайн сайдаар ахлуулсан төлөөлөгчид оролцсонт юм. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад Улсын Байгалийн нөөцийн сайд Жо Оливер, Канад Улсын Гадаад худалдааны сайд Эд Фаст нартай уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Канадын талаас Монгол, Канадын хооронд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм. Монголын талаас дээрх хэлэлцээрийг байгуулах асуудлыг холбогдох байгууллагад уламжилж, хамтарч ажиллахаа хэлсэн бөгөөд Уул уурхайн сайд Д.Ганхуяг Монгол, Канадын Засгийн газар хороондын дугуй ширээний ээлжит уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэжээ.
Монгол-Канадын Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг "Монгол орон эрдэс баялаг арвинтай, дэлхийд эхний 5-д орох хэмжээний том зах зээл бүхий 2 хөрштэй, татварын харьцангуй таатай орчинтой. Хэрэв бид өмнө нь алдаж байсан бол дахин тийм алдааг давтахгүй” гэдгийг онцлон танилцуулсан аж. Энэ арга хэмжээнд хоёр талын төр,хувийн хэвшил, төрийн бус байгууллагаас нийт 120 орчим хүн оролцжээ.
Хөрөнгө оруулагчдын зүгээс Монголын хөрөнгө оруулалтын орчин таатай болж байгаа талаар ярьж байсан. Тухайлбал Канадын байгалийн нөөцийн сайд Жо Оливер ”Монгол улс хөгжлийнхөө зөв замаар явж байгаа, Канад Улс Монгол Улстай харилцах харилцааг чухалчилж үздэг” гэсэн бол, Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал асан Камерон Макрэй “Монголын уул уурхайн салбар зөв зам дээрээ гарч ирсэн. Иймээс хөрөнгө оруулагчид ямар ч эргэлзээгүй монголд хөрөнгө оруулах цаг” гэж, мөн манайд хамгийн анх хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж байгаа Канадын “Сентерра гоулд” компанийн санхүү эрхэлсэн захирал “Монголын уул уурхайн салбарт итгэх итгэл сэргэж байна. Бид Гацууртын ордод 50 сая ам.долларын хөрөнгө оруулсан, цаашид 270-320 сая ам.долларын хөрөнгө нэмж оруулахад бэлэн байна" гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байх юм.