Овооттолгой нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саутгоби Сэндс”-ийн толгой компани өчигдөр өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлан гаргаснаа мэдээлсэн байна. Үүнд тус компани өр төлбөрөө барагдуулж чадахгүй байж магадгүй болсныг дуулгав. Хөрөнгө босгохоор эрэлхийлж буйгаа мөн тэмдэглэжээ. Одоогийн байдлаар тус компани 250 сая долларын өрийн бичгийг “дарах”-ын тулд санхүүжилт хайх том ажлын ард гарах хэрэгтэй байгаа гэжээ. Энэ мэдэгдэл гарсны дараа тус компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр бараг 30%-иар буурч, 52 канад цент болсон байна.
Өнгөрсөн онд тус компани 237.5 сая долларын алдагдал хүлээжээ. Уг үзүүлэлт 2012 онд 97.5 сая доллар байсан юм. Хэдийгээр тус компанийн нүүрсний борлуулалт 2013 онд өмнөх оныхоосоо өссөн ч Хятадын худалдан авагчидтай хийх нүүрсний худалдааны үнэ өнгөрсөн онд огцом буурсан нь орлого хумигдахад голлон нөлөөлжээ. “Саутгоби” цаашдаа Хятадын нүүрсний зах зээл төдийлөн сэргэхгүй гэж таамаглаж байна.