Энэ онд үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наяд төгрөг зарцуулахаар тооцоолж экспортыг дэмжих, импортыг орлох төслийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Өнгөрсөн жил болсон Монголын эдийн засгийн дөрөв дэх чуулганаас хойш жил гаруйн хугацаанд Монголд хэд хэдэн үйлдвэр нээлтээ хийсэн. Эдгээрийн нэг нь таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай, жилд 100 автобус үйлдвэрлэх хүчин чадалтай автобусны үйлдвэр юм.
Харин уул уурхайн компаниудаас “Mongolian Mining Corporation” нүүрс боловсруулах үйлдвэрийнхээ гурав дахь модулийг ашиглалтад оруулснаар жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай болсон. Үүнээс гадна “Улаанбаатар БҮК” компани зургаан сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 350-500 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн шинэ шугам нээн “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтад оролцож байна.