ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг 100 МВт-аар нэмэгдүүлэх төслийн хүрээнд эхний тоног төхөөрөмжийг суурилуулахад бэлэн болжээ. 115 тонн жинтэй генераторын статор, 33,5 тонн жинтэй генераторын роторыг өчигдөр буулгасан байна. Энэ ажилд 100 тонн даацтай хоёр автокраныг ашиглан статор, роторыг амжилттай буулгажээ. Устөрөгчийн хөргөлт бүхий ТВФ-125-2У3 турбогенераторыг ОХУ-ын Новосибирск хотын “ЭЛСИБ” компанид үйлдвэрлэн тээвэрлэж ирснийг буулгах ажиллагаанд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй удирдах ажилтнууд оролцов.
Цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл одоогийн байдлаар 46 хувьтай явагдаж байгаа бол турбины үйлдвэрлэл газар дээрээ 90 орчим хувьтай байгааг гүйцэтгэх захирал Б.Цэвээн мэдээлж “өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвараас чөлөөлүүлэх саналыг Их хурлаас зөвшөөрч 2 тогтоол баталсан. Энэ дагуу тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлсөн нь томоохон дэмжлэг болсон гэлээ.
2014-2015 оны өвлийн их ачааллын өмнө төслийг бүрэн дуусгаж ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)