Гадаад харилцааны сайд Л.Болд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцевийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол-ШХАБ-ын хамтын ажиллагаа болон бусад харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Уулзалтын үеэр сайд Л.Болд Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд ажиглагч улсын хувиар ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн бөгөөд цаашид тус байгууллагатай илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгааг хэлэв. Мөн бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн чухлыг дурдаад энэ чиглэлээр ШХАБ-ын гишүүн, ажилагч орнуудтай харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг тэмдэглэв.
ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев байгууллагынхаа үйл ажиллагаа, ойрын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, цаашид ШХАБ-ын хүрээнд ажиглагч орнууд, тэр дундаа Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдэв.
Айлчлал 3 дугаар сарын 26-ны өдөр дуусах бөгөөд айлчлалын үеэр ноён Д.Ф.Мезенцев Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны дарга Ц.Оюунбаатар, Зам, тээврийн сайд А.Гансүх нартай тус тус уулзана.