Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй “Хилийн боомтын шинэчлэл” зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Боомтуудын үйл ажиллагааг хүнд сурталгүй, хөнгөн шуурхай болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг төрийн холбогдох байгууллагуудад танилцуулж, ажлыг нь уялдуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулсан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тодотгосон.
“Хилийн боомтын тухай хууль” ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Тиймээс хилийн боомтууд ч ирэх сараас эхлэн шинэ зохион байгуулалтаар ажиллах юм. Ирэх сарын 1-нээс эхлэн боомт бүр дээр Боомтын захиргаа ажиллаж, төрийн олон байгууллагын үйлчилгээг нэг цонхонд төвлөрүүлнэ. Боомтын захиргаадын ажилд салбар дундын зохицуулалт хийж, нэгдсэн бодлогоор удирдах Хилийн боомтын үндэсний зөвлөл ЗГХЭГ-ын дэргэд ажиллах бөгөөд төр, хувийн хэвшлийн төлөөллийг багтаасан энэ зөвлөлийн даргаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ажиллаж байгаа. Харин Боомтын нэгдсэн захиргааг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай удирдахаар болж буйг зөвлөгөөний үеэр танилцууллаа.