Монголбанк өнөөдөр 1 долоо хоногтой Төв банкны үнэт цаасны ээлжит арилжаагаа хийлээ. Нийт 461.4 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 10.5 хувийн жигнэсэн дундаж хүүгээр арилжаалжээ. Ингэснээр 2014 оны 03-р сарын 19-ний байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 843 тэрбум төгрөг болж байгаа юм байна.
Нэг долоо хоногийн хугацаатай төв банкны үнэт цаас нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 2007 оны 7 дугаар сард анх нэвтрүүлж 7 хоног бүрийн Лхагва гаригт БХЗ дээр арилжаалах болсон нь банкуудын сонирхолыг ихэд татсан юм.