
Тулааныг олон нийтэд ил болгосон хүн бол тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Н.Оргил. Тэрээр яамандаа болж буй тулааныг хэвлэлийнхэнд анх зарлаж өөрөө ажлаа өгөхөө мэдэгдсэн.
Алдарт Холливүүдэд жүжигчний мэргэжил эзэмшсэн түүнийг кино урлагт амиа тавьдаг гэдгийг олон хүн мэднэ. Гэтэл өөрийнх нь санаачилсан сумдад кинотеатр байгуулах төслийг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл зогсонги байдалд оруулсан юм байх. Ямар сайндаа л “Ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа учир ажлаа хүлээлгэж өгөхөөс өөр сонголт алга. Төрийн алба гэж үнэхээр инээдтэй байдаг юм байна” хэмээн гомдох тунихыг хослуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийх вэ дээ. Ингээд ч зогсохгүй П.Алтангэрэл хууль зөрчин төрсөн хүүдээ тендер авч өгсөн тухай баримтыг ч нийтэд дэлгэсэн юм.
Түүнчлэн Н.Оргил дарга өөрийг нь гүтгэсэн хэд хэдэн мэдээлэл гарсныг Төрийн нарийн нь өөрийн баруун гартай нийлж хийсэн "далд явуулга" гэж үзэж байгаа. Үүнийх нь хариу цохилт болгож тэрээр төрийн албыг төрлийн алба болгоод байгаа хүмүүсийн тухай баримт бүхий мэдээллийг удахгүй дэлгэх юм гэсэн.
АТГ-т шалгуулахадаа тулсан мөнөөх Төрийн нарийн энэ бүхнийг зүгээр өнгөрөөж түвдсэнгүй. Нөгөөдөр өдөр нь л “Худлаа...” гээд босоод ирэх нь тэр. Ингэхдээ П.Алтангэрэл хуучин БСШУЯ тендер зарлах үед түүний хүү оролцоод шалгарсан, тэр нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад яам салсны дараа өөрийнх яаманд ирсэн болохыг учирлажээ.
Харин энэхүү дайныг эхлүүлэхэд гол нөлөө үзүүлсэн мөнөөх сумдын кино театрыг нь "Тэнгис, Өргөөд гаргаж байгаа киног сумын иргэд үзэж чадах юм бол энэ төслийг цааш нь үргэлжлүүлнэ" гээд хэлчихэж. Энэ нь Н.Оргилд аягүйхэн байвал төслийг чинь зогсооно гэдэгтэй адилхан сонсогдсон байх гэдгийг ч П.Алтангэрэл нуугаагүй. Бас болоогүй ээ "Уг нь би Н.Оргилд чадах чинээгээрээ тусалж ирсэн хүн шүү дээ" гэж "зусардаад" амжсан.
П.Алтангэрэлийнхээр бол Н.Оргил өөрт тусалж явсан "сайн" хүнийг зүгээр байхад нь хэвлэлээр гүжирдээд яваа юм байх. Ямартай ч Н.Оргил дарга ажлаа өгдөгөөрөө өгч орыг нь залгах хүнийг Төрийн албаны зөвлөл дээр сонгон шалгаруулаад эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн хүртэл байж үзсэн хашир "анжгай" цэл залуухан газрын даргаа замаасаа холдуулсан түүх энэ гэлтэй.
Сайд нь хоёр тамирчны хувцаснаас болж түмэнд элдвээрээ дуудуулж суухад Төрийн нарийн, газрын дарга нар нь хэрэлдэж уралцаад нэг нь ажилгүй болчихлоо. Ийм л "халуухан" үйл явдал ССАЖЯ-нд ид өрнөж байна. Хэрэв Н.Оргил хэлсэндээ хүрч яамныхаа бузар булайг дахин дэлгээд эхэлбэл байдал нэлээд ширүүсэх нь ойлгомжтой боллоо.
А.Анар
Сэтгэгдэл (24)