Парламентын
“хэлгүй” гишүүдийн нэг, хамгийн залуу гишүүн Н.Номтойбаярыг “ах” нарынхаа дэргэд
уурлаж, гараараа ширээ шаахыг өчигдөр анх удаа үзлээ. “МАК”-ын "нялх Сэнгүм", "нусгай
жаал" гэх зэрэг олон хочтой болсон ч тэр болгонд хариу өгөөд байдаггүй Н.Номтойбаяр
гишүүн өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягтай МАН-ын Засаг дарга нарыг яагаад батлахгүй байгаа талаар
мэдээлэл хийх үеэр тун ширүүхэн маргасан юм. Засаг дарга нь томилогдоогүй байгаа зургаан аймгийн нэг нь Н.Номтойбаяр гишүүний сонгогдсон Дорнод аймаг. МАН олонхи болсон аймгийн ИТХ нь анхны хурлаараа М.Бадамсүрэнг Засаг даргаар сонгож, түүний нэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн ч тэрбээр гурван удаа ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр буцаасан аж. Албан бичиг хүргүүлсэн ч яагаад батлахгүй байгаа шалтгаанаа нэг ч удаа дурдаагүй байна. Тиймээс Н.Номтойбаяр гишүүн сар гаруй Н.Алтанхуяг сайдтай уулзах гэж үүдийг нь сахижээ. Бүр үерхэе гэж гуйж байгаа юм шиг утсанд нь "уулзъя" гэсэн мессеж илгээж эмнэлгийн үүдийг нь сахижээ. Гэсэн ч Н.Алтанхуяг сайд залуу гишүүнийг нэг ч удаа тоож уулзаагүй байна. Үүнд нь гайхаж бас гоморхсон Н.Номтойбаяр гишүүн өчигдийн хурал дээр яагаад Дорнод аймгийн Засаг даргыг батлахгүй байгааг дахин дахин асуухад Ерөнхий сайд "Би хуулийн дагуу ажиллаж байгаа. Ерөнхий сайд заавал шалтгаан заах албагүй" гэсэн нь залуу гишүүнийг бухимдуулж, олон гишүүдийн өмнө ширээгээ шаагаад авав. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг "Таны хүлээсэн надад ямар хамаатай юм? УИХ-ын гишүүний хувьд намайг шахдаг хүн нь та биш. УИХ-ын сонгуулиар Дорнодод мөнгө тарааж балласан балаг чинь одоо хүртэл дуусаагүй байгаа шүү. Би өнөөдөртөө асуудлаа өөрөө шийдэхтэйгээ байна. Ямар дураараа ширээ шаадаг хэн бэ?" гэж мөн бухимдав. Н.Номтойбаяр "Та Үндсэн хуулиаас давж, хуулиа биелүүлэхгүй байна. Таны үүдийг сахиад сууж байхад олон бизнесмэн өөрөөгөөр чинь орж гардаг юм билээ" гэв. Энэ мэтээр тэд Засаг дарга нарын асуудлаас болж муудалцаад авав. Харин МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, ерөнхий сайд асан С.Батболд нар сүүлдээ аргадсан байдалтайгаар Ерөнхий сайдыг хуулиа биелүүлж, МАН-аас гарсан Засаг дарга нарыг томилохыг хүссэн.
Ширүүн маргаан намжсаны дараа Н.Номтойбаяр гишүүн тайвширсан бололтой ахмад улс төрчдөөс уучлалт хүсээд "Таны энэ улс төрийн хийж байгаа увайгүй үйлдлийг хараад бухимдах юм гарах юм. Ард түмний сонголтыг үл хүндэтгээд улс төрийн нам доторхи жижиг фракц, бүлгийнхээ эрх ашгийг түрүүнд тавьж асуудалд хандаж байгаа нь үнэхээр харамсалтай. Харамсахынхаа хэрээр бухимдах юм. Энэ бухимдлаа үнэхээр дарж чадалгүй эвгүй байдал гаргалаа. Ахмад улс төрчдөөсөө хүлцэл өчье. Та хэдийг бүгдийг нь харж явдаг. Дөрөвдүгээр ангид байхдаа Р.Гончигдорж гишүүнийг Сүхбаатарын талбай дээр үг хэлэхийг хараад ардчилал гэж ийм юм байдаг гэж ойлгож авч байсан. Магадгүй энэ маань улс төрд орох анхны дохио байсан байх. Гэтэл үнэхээр та бүгдийн үүсгэн байгуулсан ардчилал чинь сонгодог утгаараа байхгүй байна. Би хамгийн залуу, би ажил хийе гэж орж ирсэн. Би их хурлын сонгуулиар мөнгө тараасан зүйл огтхон ч байхгүй. Шалгаад үз. Орон нутгийн сонгуульд Дорнодын аймгийн сонгуульд бага хурлын гишүүний хувиар оролцсон. Би ажил хийе гэж орж ирсэн. Залуучуудад муу үлгэр дууриал битгий үзүүлээч" гэв. Харин түүний энэ учирласан ч юм шиг үгийг Ерөнхий сайд огт тоомжиргүй байдалтай сонсож байв.
Ийнхүү Ерөнхий сайдыг дуудаж уулзаад ч МАН-аас сонгогдсон Засаг дарга нарыг батлах асуудал нааштайгаар шийдэгдсэнгүй. Ерөнхий сайд ч гэдийхээрээ нэг гэдийлээ. Бусад аймгийн Засаг дарга нарыг батлахгүй гэсэн шалтгаанаа хэлсэн хэрнээ Н.Номтойбаярын асуултанд хариулахгүй, шаардлагагүй гэж илт үл тоомсорлож байгаа мэт.
Харин хэвлэлээр байнга баалуулж байдаг Н.Номтойбаяр намын ах нарынхаа дунд "овоо үг дуугарах хүүхэд байна" гэж "онц" дүн авч байгаа харагдсан шүү. Олон жил улс төрд хутгалдсан ах нар нь энэ мэт асуудлыг тоохоо байж, хоорондоо тохиролцсоор байгаад сурчихсан бол залуу гишүүн энэ бугшсан идээнд нь байж суух аргагүй болсон бололтой. Эрх баригч намын дарга, Ерөнхий сайдтайгаа муудалцана гэдэг зарим нэгний хувьд үхлээ эрсэн хулгана муурын сүүлээр тоглов гэдэг шиг сонсогдож магад. Гэхдээ Н.Номтойбаяр тохироо, наймаа хийгээд сурсан улс төрчдийн дунд салхи оруулах ч юм бил үү, хэн мэдэх вэ?
24tsag.mn
Сэтгэгдэл (54)