
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга Д.Ихбаярт өргөн барилаа.
Нийслэлийн 2027 оны төсвийн төслийн нийт орлогыг 4.6 их наяд төгрөг байхаар тооцжээ. Энэ нь өмнөх оныхоос 600 орчим тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төсвийн төслийг боловсруулахдаа иргэн төвтэй байх зарчмыг баримталж, иргэдээс авсан санал асуулга, судалгаанд үндэслэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг дөрвөн үндсэн чиглэлд хуваасан гэв. Үүнд агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн хүртээмж, засаглалын асуудлыг хамруулжээ.
Мөн төсөв, хөрөнгө оруулалтын эрх мэдлийг дүүрэг, хороонд түлхүү шилжүүлж, иргэдийн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Тэрбээр “Өнгөрсөн жилүүдэд нийслэлд хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гол эх үүсвэр нь нийслэлийн төсөв байсан. Харин ердөө долоон хувь нь бусад эх үүсвэрээс хэрэгждэг байжээ. Хотын эрх зүйн байдлын тухай хуулиар олгогдсон боломж, бололцоо байгаа учраас нийслэл цаашид хувийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, тулгамдаж буй асуудлуудыг шийдэхийн зэрэгцээ бизнесүүд ашиг орлоготой байх бодлого баримталж ажиллана. Ирэх жилүүдэд хотын эдийн засгийн тэнцвэрийг сайжруулж, бизнесүүдээ дэмжинэ” гэлээ.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд зааснаар нийслэлийн төсвийн төслийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 5-ны дотор батлах ёстой.



















































Сэтгэгдэл (1)