Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайдын урилгаар Оманы Султант Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө. Энэхүү айлчлал нь Оманы Гадаад хэргийн сайдын Монгол Улсад өнгөрсөн онд хийсэн айлчлалын хариу айлчлал бөгөөд Гадаад хэргийн сайдын түвшинд тус улсад 30 орчим жилийн дараа хэрэгжиж байгаа гэдгээрээ онцлог айлчлал байв. Монгол Улс, Оманы Султант Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм. Ийнхүү тус айлчлалын эргэн тойронд болсон мэдээллийг тоймлон хүргэе.
Нэг. Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулна
Оманы Хөрөнгө оруулалтын газрын Узбекистан, Вьетнам зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулсан туршлагын дагуу Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж, улмаар Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэхээр талууд тохиролцов. Энэ хүрээнд тус сангийн төлөөлөгчид ойрын үед Монгол Улсад ажиллахаар болов.
Хоёр. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсаас Оманы Султант Улсруу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох боломж, бололцооны талаар санал солилцож, цаашид хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Монгол, Оманы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг ойрын үед байгуулахаар болов.
Гурав. Уул уурхай, эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж
Худалдаа, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн сайд Кайс Мухаммад Аль-Юсеф хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тэрээр чухал ач холбогдол өгч ажиллахаа тэмдэглээд энэ хүрээнд уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг онцлов.
Дөрөв. Оманаас загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтой
Мөн уг айлчлалын хүрээнд Монгол Улсаас Оманы Султант Улс руу мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн экспортлох, Оманаас загас, хасарваань, хуурай жимс импортлох боломжтойг онцлов.
Тав. Өргөмжит консулуудыг харилцан томилно
Цаашид хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмыг байгуулах, тээвээр логистикийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг байгуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, Өргөмжит консулуудыг харилцан томилохоор болов.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)