Говийн бүсийн 7- р тойргоос сонгогдсон УИХ -ын гишүүн Л.Мөнхбаясгалан өөрийн сошиал хуудсаар дамжуулан ийн өгүүлжээ: “УИХ энэ сард Монгол улсын үндэсний үйлдвэрлэгчдээ нухчин дарах нэгэн олон улсын гэрээг соёрхон батлах гэж байна.
Энэ бол Евро Азийн эдийн засгийн холбоотой байгуулах Чөлөөт худалдааны түр гэрээ. Гэрээ батлагдмагц 2025 оны 1 р сарын 1 нээс ОХУ, Казакстан, Армен, Киргиз, Беларус зэрэг таван орноос 300 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн татваргүй орж ирнэ гэсэн үг.
Эдгээр нэр төрөл дотор манай улсын хүнсний стратегийн бүтээгдэхүүн болох өндөг, сүү , гурилан бүтээгдэхүүн , ус мөн улаан буудайн үр, малын тэжээл ямар татваргүйгээр импортлогдох нь байна. Үр дагавар нь юу вэ. Хөл дээрээ арай ядан тэнцэж байгаа үндэсний үйлдвэрлэгч нар гаднаас татваргүй орж ирэх тэдгээр бүтээгдэхүүнд нам цохиулж дампуурна гэсэн үг.
Одоогоор манай улс гурилан бүтээгдэхүүний 33, хүнсний ногоо 50, сүү, сүүн бүтээгдэхүүний 80, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрээ 100 хувь, тахианы мах, ургамлын тос, бүр хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас импортлодог. 70 сая малтай атлаа сүүний хэрэгцээнийхээ 80 хувийг гаднаас авдаг эмгэнэлт түүх 100 хувь хэмээгдэж дэлхийн чихийг дэлдийлгэх нь байна. 1996 онд М.Энхсайханы Засгийн газар БНХАУ тай чөлөөт худалдааны гэрээ байгуулж импортын татварыг тэглэснээр Монгол улсын дотоодын үйлдвэрүүд хаалгаа барьж бид үйлдвэрлэгч биш импортлогч орон болох хөрс шороог тавьж байлаа. 1996 оны энэ хорон шийдвэрийн нөлөөгөөр Монгол улс үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон болсон.
Гэхдээ Дотоодын үйлдвэрлэгч нар энэ хугацаанд чадлаараа сөрөн тэмцсээр цөөхөн ч гэсэн үндэсний үйлдвэрлэгчидтэй болж хөл дээрээ тэнцэж ядан буй. Тэд бол баатрууд билээ.
Гэтэл 2024 оны 5-р сарын 1-ний өдөр Засгийн газар 20 хувьтай байсан цементийн импортын татварыг 5 хувь, гурилын импортын татварыг тэглэснээр цементийн үйлдвэрүүдээ, тариалан эрхлэгчдээ амжилттайгаар сөхрүүлж чадсан нэгэн гашуун түүхтэй. Харин одоо өндөг, гурил, ус , сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа нухчин дарах гэж байна. Ийм бодлого гаргаж байгаа Засгийн газар Монгол улсын Засгийн газар мөн гэж үү. Энэ Монголын төлөө шийдвэр мөн үү. Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийг би хувьдаа талархан дэмждэг. Энэ хөтөлбөр бол улсынхаа хүнсний аюулгүй байдлыг хамгаалсан , үйлдвэрлэгч нараа дэмжсэн жинхэнэ эх оронч хөтөлбөр байлаа.
Байлаа гэхийн учир нь хэрэв Монголын Засгийн газар Евро Азийн холбоотой Чөлөөт худалдааны гэрээг байгуулвал “Хүнсний хувьсгал” замхран алга болно. Ийм гэрээг Засгийн газар байгуулж Монгол улсын үндэсний эрх ашгийг хамгаалж Үндсэн хуулинд үнэнч байхаа тангарагласан УИХ соёрхон батлаж болохгүй ээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дотоодын зах зээлээ хамгаалах гэж БНХАУ-аас орж ирж буй бараанд 10 хувь, Канад, Мексик улсын бараанд 25 хувийн татвар ногдуулахаа зарласан.
Бусад улс ингэж дотоод зах зээлээ хамгаалдаг бол манай улс гадны улсын тулгасан шийдвэрийн өмнө бөөн бөөнөөрөө сөхрөн унахын учир юу вэ. Монгол хүний , Монгол улсын эрх ашгийг хамгаалахгүй юм бол Монгол улсын Засгийн газар , Монгол улсын Их хурал гэж байхын хэрэг алга.
Иймийн тулд улсынхаа үйлдвэрлэгч нарын эсрэг хийж буй энэ мэт бодлогын тероризмын эсрэг бат зогсох болно”.
Сэтгэгдэл (5)