УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга, ноён Никола Карэг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж 2020-2024 онд УИХ дахь Монгол-Италийн парламентын бүлгийн даргаар ажилласан бөгөөд тухайн үед Итали-Монголын парламентын бүлгийн гишүүнээр ажиллаж байсан ноён Никола Карэтай уулзаж танилцан, хамтран ажиллаж иржээ. Уулзалтын эхэнд дэд дарга Б.Пүрэвдорж Монгол Улсыг сайн мэддэг, дэмждэг хүн Итали-Монголын парламентын бүлгийн даргаар ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, холимог тогтолцоогоор явуулсан УИХ-ын ээлжит сонгууль, түүний үр дүнд бүрдсэн 126 гишүүнтэй парламентын талаар товч мэдээлэл өгч, эдүгээ УИХ-д шинээр зохион байгуулаад байгаа Монгол-Италийн парламентын бүлгийн удирдлага, гишүүдийг танилцуулав.
Өөрийг нь тус бүлгийн даргаар ажиллаж байх үед Итали-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүд ихээхэн дэмжиж, ойр дотно хамтран ажилласанд талархаж явдгаа тэрбээр онцолж, хоёр улсын эдийн засаг, бизнесийн болон нийгэм соёлын харилцааг гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсныг талархан тэмдэглэв. Ялангуяа хоёр улсын ноолуурын салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, Монгол Улсаас Италид нийлүүлдэг ноолуур, ноолууран бүтээгдэхүүний экспорт жилд ердөө 40 тонн байснаа 1200 тонн болж өссөнийг жишээлээд, цаашид манай улсад хөрөнгө оруулж хамтран ажиллах өргөн боломж нээлттэй байгааг Италийн бизнесийн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсэв. Мөн УИХ-ын дэд дарга Монгол Улсын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны зэрэгцээ цаашид эдийн засгийг өсөлтийг хангахад чиглэсэн 350 гаруй дэд төслийг хэрэгжүүлэээр төлөвлөж буйг танилцуулан, энэхүү хөгжлийн зорилтыг хангахад бүхий л талаар хамтран ажиллахад нээлттэй гэдгийг цохон дурдлаа.
Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Никола Карэ анд нөхөртэйгөө дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд, тус улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын мэндчилгээг УИХ-ын дэд даргад уламжлав. Итали Улс аж үйлдвэр хөгжлөөрөө дэлхийд дээгүүр ордог бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын аж үйлдвэрийн технологийн эрэлт нэмэгдэж буйг ажиглаж байгаагаа тэрбээр өгүүлж, энэ чиглэлээр болон батлан хамгаалах, барилга архитектур, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг олон салбарт хамтран ажиллах боломж бийг дурдлаа. Монгол Улсын Засгийн газар томоохон зорилтуудаа амжилттай хэрэжүүлж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлээд, үүнд Итали Улс бага ч болов тус болж, хамтран ажиллахыг төлөө байгааг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтад Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Жованна Пикаррета байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.