Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “Улсын хөрөнгө оруулалтыг зохистой удирдах замаар болзошгүй өр төлбөрийн эрсдэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн баримт бичигт СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, ЖАЙКА-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияаги Кэнсүкэ гарын үсэг зурав.
Техник хамтын ажиллагааны төсөл нь шинээр баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг амжилттай хэрэгжүүлэх, төр, хувийн хэвшлийн эрсдэлийг тодорхойлон үнэлэх, болзошгүй өр төлбөр үүсэх эрсдэлийг удирдах, төсөв, санхүү, санхүүгийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх, улсын хөрөнгө оруулалтын удирдлагаар дамжуулан хувийн хэвшлийн оролцоог дэмжих орчныг бүрдүүлэх зорилготой. Төслийг 2025 оны 3 дугаар сараас эхлэн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Ингэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төслийг үнэлэх, эрэмбэлэх, сонгон шалгаруулах, төсөвт учруулах эрсдэлийг тодорхойлоход зөвлөмж өгөх, оролцогч байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлнэ. Үүний дүнд нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашиг бүхий төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг сонгох боломж бүрдэхээс гадна төсөвт учруулах эрсдэлийг тооцон, төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй удирдах нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтойг Сангийн яам мэдээлжээ.