Засгийн газраас "Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл"-ийг УИХ-д өргөн мэдүүлээд буй. Энэхүү төсвийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх юм. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсвийн төслийг цувралаар танилцуулж байгаа билээ.
Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бодлоготой уялдуулан бүсүүдийг төрөлжүүлэн хөгжүүлэх татварын ялгаатай бодлогыг ирэх оноос эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Энэ хүрээнд нийт 20 гаруй төрлийн татварыг бүсийн онцлогоос хамааран ялгаатай тогтоох боломж бүрдэж, бүс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, бүс бие даан хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн бодлогоор өрсөлдөх боломжийг бүрдүүлсэн.
Бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалтын ажлыг зөвхөн улсын төсвийн эх үүсвэрээр хийх боломжгүй тул хувийн хэвшлийг урамшуулан идэвхжүүлэх бодлого баримтлах нь зүйтэй байна. Иймд бүсийн тэргүүлэх чиглэлд нийцсэн томоохон төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт хийхийг сэдэлжүүлсэн, урамшуулсан татварын багц дэмжлэгийг үзүүлэх болно.
Боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн импортын гаалийн татварыг хөнгөлж, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэл эрхэлдэг бүх аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газраас 2030 он гэхэд боловсруулах салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэлхийн брэндийн түвшинд хөгжүүлэн, боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ба өнгөрсөн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжиж байсан. Цаашид Шинэ сэргэлтийн бодлогын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн зорилтын хүрээнд ирэх оноос дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн бүтээгдэхүүнээ хөгжүүлж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг салбар харгалзахгүйгээр татварын бодлогоор дэмжинэ.
Газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх,
нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангана
Засгийн газар өнгөрсөн хугацаанд автобензин, дизель түлшний үнийн огцом хэлбэлзлээс урьдчилан сэргийлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсэн.
Дээрх ажлын хүрээнд зарим төрлийн газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл "0" хувь байхаар тогтоод байгаа билээ. Цаашид үнийн өсөлтөөс сэргийлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг 2025 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж тус тус Төсвийн төсөлд тусгажээ.