Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн түүхэн 65 жилийн ой, Монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээнд өнөөдөр (2024.10.03) оролцож, Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон тус сургуулийн төгсөгчийн хувиар мэндчилгээ дэвшүүллээ.
ШУТИС нь үүсэн байгуулагдсан 65 жилийн хугацаандаа инженер, технологи, менежмент, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлээр 100 мянга гаруй мэргэжилтнийг бэлтгэжээ.
Политехникийн дээд сургууль, Монгол Улсын техникийн их сургууль улмаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон өргөжсөн түүхэн хөгжлийн үе шат бүрдээ боловсрол, шинжлэх ухааны салбарт манлайлан, инновац, технологи, шинэ мэдлэгийг бий болгон, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж ирснийг УИХ-ын дарга тодотгов. Түүнчлэн инновац бүтээх, инновацад суурилсан, стартап компани, шинэ бүтээлийг оюутан залуучуудын мэдлэгт суурилж бий болгох, энэ мэдлэгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд Шинжлэх ухаан, технологийн их сургууль манлайлан ажиллах шаардлагатай гэлээ.
Цаашид Монгол Улсын хэмжээнд төлөвлөж буй мега төслүүдийг хэрэгжүүлэхэд инженер, технологийн мэргэжилтнүүдийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэхээр байна. Тиймээс ШУТИС эдийн засгийн томоохон төслүүдийн хүний нөөцийг бэлтгэх чухал үүрэгтэй учраас УИХ-аас шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжсэн хууль, эрх зүйн орчны дэвшилтэт бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хийнэ гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээндээ онцоллоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ШУТИС-ийн 65 жилийн ойн өдөр хөдөлмөр зүтгэлээрээ улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, багш нарт төрийн дээд одон медаль гардууллаа.
Сэтгэгдэл (1)