Шинэ хоршоо хөдөлгөөний талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Шинэ хоршоо хөдөлгөөн бол мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бидний өмнө тугамдаад буй цөлжилт хуурайшилт болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй гэмшигт үзэгдлийг бууруулахад ач холбогдолтой. Тиймээс орон даяар идэвхтэй өрнөж байгаа. Өнөөдрийн байдлаар 60 мянга гаруй гишүүдтэй 6100 хоршоо байгуулагдсан. Нийт малчин иргэд маань 517 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг 6 хувийн хүүтэйгээр авч аймаг орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааг цаашид бүсчилсэн хөгжилтэй уялдуулж байгаа.
Малчдаа бид зөнд нь орхиж болохгүй учраас энэ санхүүжилтийг үргэлжлүүлнэ.
Зөвхөн зээл өгөөд зогсохгүй, хоршоологчдын ур чадварыг нэмэгдүүлнэ. Мөн 21 аймаг зургаан бүсэд 92 хөгжлийн төвийг байгуулахаар зорьж байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ боловсруулж экспортлох хэмжээнд хүртэл хийх сургалт семинар орно. Энэ бүх ажлыг ганц төр хийгээд байхгүй. Мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хамтрана. Хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг төрөлжүүлэхээс гадна, үр өгөөж үржил шимийг нь нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ахиц дэвшил гарна гэж бодож байна.
Эцэст нь бид нүүдлийн мал сүрэгтэйгээ ч байна, эрчимжсэн малд аж ахуйгаа ч хөгжүүлнэ, эдийн засгаа ч төрөлжүүлнэ, хот хөдөөгийн тэнцвэргүй байдал өөрчлөгдөнө.
Энэ жил "Шинэ хоршоо хөдөлгөөн"-д энэ жил 517 тэрбум төгрөгний санхүүжилтийг олгосон байна. Ирэх оны төсөвт нэг их наяд хүртэл санхүүжилтийг үргэлжлүүлнэ, санхүүжилт зогсох асуудал байхгүй. Хоршоо байгуулах үйл ажиллагааг улам хялбаршуулах ажил руу явна. Энэ бол хоршоологчдын асуудал биш, Монгол Улсын оршин тогтнохуйн асуудал. Үүнийг бид бодлогоор ч, арга зүйгээр ч хангана" гэв.
Д.Батчулуун